Монголын Парламентын нэр хүндийг бодоорой, УИХ-ын эрхэм гишүүд ээ!

1 цаг 26 минутын өмнө

Австралийн Холбооны Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик энэ өдрүүдэд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар албан ёсны айлчлал хийж байна.

 

Австралийн парламент сонин хачин онцлог ихтэй. Спикер нь хуралдаан бүрийн эхэнд суудлаа эзлээд “Хүн арддаа талархаж байна, Австралийн уугуул иргэдийн одоо ба өнгөрсөн цагийн өвөг дээдэст гүн хүндэтгэл үзүүлж байна” гэсэн агуулгатай талархлын үг хэлнэ. Дараа нь Спикер залбирал уншина. “Бүхнийг чадагч эзэн, энэхүү парламент дээр таныг адислал дэвшүүлэхийг бид даруухнаар гуйж байна. Таны сүр жавхланд тэмүүлэх бидний хэлэлцүүлэг болон Австралийн ард түмний жинхэнэ сайн сайхан байдлыг удирдаж амжилтад хүргэнэ...” гээд л эхэлнэ дээ.

 

Ийм сайхан гүн хүндэтгэлтэй парламентат орны хүндэт зочин Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар хүрэлцэн ирээд байна.

 

Австрали нь зургаан мужаас бүрддэг, Үндсэн хуульт хаант засагтай холбооны улс юм. Төрийн тэргүүний үүргийг Их Британий хамтын нөхөрлөлийг төлөөлөгч Хаан гүйцэтгэдэг бөгөөд бүрэн эрхийг нь түүний өргөмжилсөн Амбан захирагч хэрэгжүүлдэг. Хоёр танхимтай парламенттай. Доод танхим Төлөөлөгчдийн танхим нь 151 гишүүнтэй, бүрэн эрхийн хугацаа нь 3 жил. Дээд танхим нь Сенат, 76 гишүүнтэй, бүрэн эрхийн хугацаа нь 6 жил. Их Британий хааны өргөмжилсөн Амбан захирагч парламентын гишүүн байна гэсэн хуультай.

 

Тухайн хууль хоёр танхимын аль алинаар нь батлагдсаны дараа Нарийн бичгийн дарга баталгаажуулж, Спикер нь Хатан хааны зөвшөөрлийг авахаар Амбан захирагчид танилцуулна. Амбан захирагч хуулийг ёсчилно, Парламентын ээлжит чуулганы товыг зарлана, завсарлуулна, Парламентын доод танхимыг тараах хүртэл эрх эдэлнэ. Мөн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Дээд шүүхийн шүүгчдийг томилох эрхтэй бөгөөд мэдээж зэвсэгт хүчнийг командална.

 

Үндсэн хуулиар парламент нь Австралийн холбооны сайн сайхны төлөө, Холбоог удирдахтай холбоотой бүх хуулийг батлах эрхтэй. Засгийн газрын харьяа төрийн байгууллагуудтай холбоотой асуудлаар онцгой бүрэн эрх эдэлнэ. Сенат орлого, мөнгөний бодлого, татвар тогтоохой холбоотой асуудлаар хуулийн төсөл санаачлах эрхгүй. Эдгээрээс бусад төрлийн хуулийн төслийг дахин нягталж, сайжруулахыг шаардаж Төлөөлөгчдийн танхимд буцаах эрхтэй. Бусад асуудлаар Сенат, Төлөөлөгчдийн танхим адил эрхтэй.

 

Хэрэв Сенат тодорхой хугацааны дотор хуулийн төслийг 2 удаа дэмжээгүй, эсвэл Засгийн газар хугацаанаас өмнө сонгууль явуулахыг зөвшөөрч байвал парламентын хоёр танхим зэрэг тарж, танхимуудыг бүрэн бүрэлдэхүүүнээр нь дахин сонгоно.

Сонирхолтой нь парламентын танхимд болон Холбооны танхимд байгаа ямар ч гишүүнийг нэрээр нь дууддаггүй жаягтай. Зөвхөн Спикер л эмх журамгүй үйлдэл гаргасан бол нэрээр нь дуудаж, санал хураалтын дүнд хариуцлага тооцно. Засгийн газрын гишүүн, Парламентын гишүүн, Парламентын тэргүүн, Сөрөг хүчний тэргүүн, Олонхийн бүлгийн зохицуулагчдын дарга, за тэгээд жирийн гишүүдээ сонгогдсон тойргоор нь дууддаг юм байна. Адлайдын гишүүн гэхчлэн. Манайд бол жишээ нь “Хангайн бүсийн гишүүн” гэж дуудах бололтой. Танхимд орох, гарахдаа Спикертээ мэхийн ёсолно. Эгнээ хоорондын зайнд удаан байж болохгүй. Спикерийг асуулт тавьж байхад нэг ч гишүүн танхимаас гарч болохгүй гэх мэт.

Чуулганы танхимд эмх замбараагүй явдал гарвал Спикер санал хураалтгүйгээр хурлаа зогсоож завсарлуулна. Үймүүлсэн этгээдээ түр саатуулах байранд аваачна.

 

Энэ мэтчлэн маш сонин дэг жаягтай, парламентат ёсоо эрх чөлөө, тусгаар тогтнолтойгоо ижилхэн хүндэтгэдэг улс орны парламентын дарга Монгол Улсад уригдан ирж УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай уулзаж хоёр орны улс төрийн болон парламент хоорондыг харилцааг хөгжүүлэх чухал ач холбогдолтой ажлын айлчлал хийж байна.

 

НИЙТЛЭЛЧ У.ОРГИЛМАА 

Өмнөх мэдээлэл
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Дараагийн мэдээ
Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Холбоотой мэдээ:

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.