Хууль зүйн байнгын хорооноос АНУ-ын бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордонд зохион байгуулж байна.
Ил болгосон баримтад Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр 81, Ц.Элбэгдоржийн нэр 46 удаа тус тус дурдагдсан. Тухайлбал Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад нь тусалсан Эпштейнд талархал илэрхийлж байсан бол Ц.Элбэгдорж Ж.Эпштейнтэй 2013 оны есдүгээр сарын 23-нд уулзаж байсан нь уг баримтад тодорхой бий.
Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсголын талаар Л.Пүрэвсүрэн өнөөдөр сэтгүүлчдэд тайлбар өгөв. Тэрбээр Жеффри Эпштейнтэй мэйлээр харьцаж байсан тухай баримт байдаг.
Гадаад Хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн "Жеффри Эпштейнтэй харилцаж байсан гол хүн нь би. Мэргэжлийн дипломат хүний хувьд ажлаа хийж явсан. Аливаа дипломатч хүн тухайн улсын төр засагтай харилцахаас гадна банк санхүү, урлаг соёлын хүмүүстэй харилцаа тогтоож, мэдээлэл авдаг. Монголын талаар үнэн зөв мэдээлэл өгөх, шийдвэр гаргахад нь нэмэр болдог.
Үүний дагуу НҮБ-ын Энхтайваны хүрээлэнгийн зохион байгуулсан ажиллагаанд Ерөнхийлөгчтэй хамт оролцсон. 2013 онд НҮБ-ын чуулганы үеэр Энхтайваны хүрээлэнгээс албаны ёсны хүлээн авалтыг Мортимер Цукерман гэх АНУ-ын маш том сонины эзний гэрт зохион байгуулсан. Энэ хүлээн авалтад 30 гаруй орны Гадаад хэргийн сайд, хэд хэдэн орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар очсон.
Оройн зоогт Жеффри Эпштейн гэх хүн байсан, анх удаа танилцаж нэрийн хуудсаа өгсөн. Энхтайваны хүрээлэнгийн захирал Ларсон "Энэ хүн АНУ-д маш нөлөөтэй банкир хүн" гэж танилцуулсан. Ларсон нь Норвегийн Ерөнхий сайдын орлогч байсан, эхнэр нь Норвегийн гадаад хэргийн дэд сайд байсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Жеффри Эпштейнтэй хоёр удаа л уулзсан. Дараа нь Израилийн Ерөнхий сайд Эхкуд Барак гэх хүн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шугамаар оройн зоогт урилаа гээд Жеффри Эпштейний гэрт зохион байгуулсан. Энэ хүн өмнө нь 2014 онд Монголд ирж байсан.
НҮБ-ын чуулганд жил бүр манай Ерөнхийлөгч нар явдаг. Нью-Йоркийн зочид буудал, рестораны зардал маш үнэтэй. НҮБ-ын байгууллагууд хөрөнгө оруулагч олох үүднээс мөнгө хэмнээд айлын гэрт зохион байгуулдаг.
Жеффри Эпштейний оройн зоогийн үеэр манай оффист нэг Монгол охин ажилладаг гэсэн. "Ямар сонин юм бэ" гэсэн чинь Буриад эмэгтэй ороод ирсэн. Тэр Буриад эмэгтэй дараа нь над руу "Би Жеффри Эпштейнээс таны мэйлийг авсан юм. Хятадын их сургуульд ороход надад тодорхойлолт бичиж өгөөч" гэж мэйл явуулж байсан.
Өнөөдрийн сонсгол удирдаж буй гишүүн бодит бус мэдээллийг олон нийтэд өгөөд байгаа нь харамсалтай. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон бидний зүгээс ямар нэгэн байдлаар эмэгтэйчүүд, хүүхдийн асуудлаар юм яриагүй.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг уул уурхайн талаар ярьсан гэнэ. Жеффри Эпштейн чинь Монголын талаарх ойлголт асар сул хүн байсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголын түүх, Чингис хааны талаар ярьж өгсөн. Өөрөө ч гэсэн "Би тоонд сайн болохоос биш түүхийн талаар ямар ч ойлголтгүй" гэдгээ хэлсэн. Анхны уулзалтын дараа "Би Монгол Улсад очиж үзмээр байна" гэхэд нь "Ерөнхийлөгч тэгээрэй" гэсэн юм билээ. Үүний дагуу би "Ерөнхийлөгч таны урьсан шүү" гэж дипломат протокол бичсэн.
Жеффри Эпштейнтэй Монголд явагдаж буй уул уурхайн төслийн талаар ямар ч яриа болж байгаагүй. Би нэг удаа уулзахдаа "Монголд хөрөнгө оруулалт татахын тулд яах ёстой вэ" гэж асуухад "Баян хүмүүсийг олж хөрөнгө татахын тулд татварын таатай нөхцөл олгодог юм шүү" гэсэн ерөнхий зүйл ярьсан.
Мөн Давост болсон уулзалт гэж яригдаж байна. Энэ уулзалтыг НҮБ-ын Энхтайваны хүрээлэнгээс зохион байгуулсан. Энхтайваны хүрээлэнгийн хүмүүс Ерөнхийлөгчтэй уулзахдаа тусалж дэмжих хэрэгтэй зүйл юу байгаа талаар ярьж байсан. Харин Ерөнхийлөгчийн зүгээс "Бид уул уурхайгаас мөнгө олоод байгаа ч зарцуулж сураагүй. Урт хугацаанд ард олонд үр ашигтай зарцуулах талаар Норвегийн туршлага хэрэгтэй байна" гэж хэлсэн.
Энэ үеэр Австралийн Ерөнхий сайд асан Кевин Радд "Танайд уул уурхайн томоохон компаниуд орж ирээд ашгаа л бодно уу гэхээс та нарыг бодохгүй шүү" гэж хэлж байсан.
Би 2013, 2015, 2016 онд Жеффри Эпштейнтэй уулзаж байсан. Мэйл бол байнга бичиж байсан. Иймэрхүү хүмүүс гадаадын өндөр албан тушаалтай хүмүүстэй нотолж, цаанаа нөлөөтэй хүн шүү гэж харуулдаг. Түүнээс биш яг тийм нарийн зүйл ярьж байсан зүйл байхгүй.
Би хавраас хойш сонсгол болохыг мэдээд намайг дуудах байх гэсэн боловч дуудсангүй. Сайн дураараа өчигдөр утастаад намайг яагаад дуудаагүй вэ гэж асуухад "Бүртгэл нь дуусчихсан. Гэрч дуудах ёсгүй" гэсэн. Өнөөдөр арга ядаж Г.Ганбаатар гишүүн рүү утастаж Төрийн ордонд орж ирлээ.
Сонсгол зохион байгуулахыг дэмжиж байна. Гэтэл гол харилцаж, мэйл бичиж байсан намайг гэрчээр дуудаж асуулт асуугаагүйд харамсалтай байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ч гэрчээр урьсангүй. Ерөнхийлөгч дураараа явж байдаг хүн биш. АНУ-ын талын харуул хамгаалалттай, төрийн протоколтой явдаг. Жеффри Эпштейний гэрт нэг цагийн хугацаатай хоол идээд гарсан.
Миний бичсэн мэйлүүд интернетэд нээлттэй байгаа. Ерөнхийлөгчийн зөвлөх байхдаа албан ёсны хаягаас бичиж байсан мэйлийг устгачихсан. Гэхдээ АНУ-ын Хууль зүйн яаманд миний бичсэн мэйл байгаа. Монголын талд байхгүй.
Би ажлаа өгөхдөө "Энэ мэйлийг байлгаж байгаарай, Монгол төрийн ажлын архив юм шүү" гэсэн боловч устгачихсан байсан" гэв.
Сэтгэгдэл үлдээх