Монгол-Солонгосын парламентын бүлэг хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

2026 оны 07 сарын 09

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2026.07.09) БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр улсын дипломат харилцаа 36 жилийн өмнөөс эхтэйг онцолж, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж, “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэв.


 


 


Хууль тогтоох дээд байгууллага хоорондын солилцоог тогтмолжуулах нь улс орнуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн бүлгийн дарга нар санал нэгдлээ. Түүнчлэн нүүдэлчин өв соёлын түүхийг агуулсан эрийн гурван наадам, Монголын үндэсний их баяр наадмын үеэр айлчилж хоёр орны харилцааны залгамж чанар, тогтвортой байдлыг хадгалах үйлсэд хувь нэмэр оруулж байгаа явдалд талархал илэрхийлэв.


 


 

Харилцан ойлголцол, найрамдал, итгэлцлийг бэхжүүлэх чухал гүүр болж ирсэн Монгол-Солонгос улсын парламентын бүлгүүд хамтын ажиллагааны Санамж бичгийг байгууллаа. 

Бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ, БНСУ-д суралцаж, ажиллаж, аж төрж байгаа 60 мянга орчим монгол иргэний хууль ёсны эрх ашгийг хамгаалахад Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын бүлэг анхаарч ирсэнд талархаж байна гэлээ. Мөн цаашид манай иргэдэд виз олголтын болон оршин суух зөвшөөрлийн үйл явцыг илүү хялбар, хүртээмжтэй болгож, сурагчид болон хөдөлмөр эрхлэгчдийн гэр бүлийн эрх зүйн холбоотой асуудлаар хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээв.


 


 


 

Уулзалтаар УИХ-ын дарга С.Бямбацогтод бараалхах үеэр ярилцсан БНСУ-ын Үндэсний Ассамблейн судалгааны албанаас туршлага судлах, хиймэл оюун, том өгөгдөлд тулгуурлан хууль тогтоох үйл ажиллагааг чанаржуулах, хяналтын механизмыг сайжруулах зэрэг асуудлыг хөндлөө. Түүнчлэн парламентын гишүүд, бизнесийн төлөөлөл, худалдаа, аж үйлдвэрийн танхимууд, гарааны бизнес эрхлэгчид, бодлого судлаачдыг нэгтгэсэн "Монгол–БНСУ-ын парламентын эдийн засгийн хамтын ажиллагааны форум"-ыг санаачлан зохион байгуулахыг санал болгов.


 


 


 

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Их Хурал дахь 5 нам, эвслийн төлөөлөл буюу УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, Б.Мөнхсоёл, Р.Батболд, Д.Рэгдэл, Ж.Галбадрах болон Улсын Их Хурлын даргын зөвлөх Д.Оюунчимэг, БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүн Ян Бү Нам, Жон Юн Ги нар оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Өмнөх мэдээлэл
Улсын Их Хурлын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүллээ
Дараагийн мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.