УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

2026 оны 08 сарын 13

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.08.13) Үндэсний аудитын газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөлөлтэй уулзаж, хөдөлмөр, нийгмийн түншлэлийн өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр салбарын төлөөллүүд Улсын Их Хурлын 2021 онд баталсан Хөдөлмөрийн тухай хуулиар нийгмийн түншлэлийн эрх зүйн үндсийг бүрдүүлж, төр, ажил олгогч, ажилтны төлөөллийн гурван талт хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн талаар мэдээлэв. Мөн хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилттэй холбоотой хөдөлмөрийн маргаан нэмэгдэж байгаа болон талуудын хөдөлмөрийн хууль тогтоомжийн талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулах шаардлагатай байгааг хэллээ.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт талууд хуулиар хүлээсэн чиг үүрэг, эрх хэмжээнийхээ хүрээнд ажиллаж, аль нэг салбарын эрх ашгийг түлхүү тавихаас илүү хөдөлмөр эрхэлж буй иргэд болон нийт талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах, Монгол Улсын нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавих шаардлагатайг онцлов.

Мөн асуудлыг маргаан, зөрчилдөөнд хүргэхээс илүүтэйгээр хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг үр дүнтэй хийх нь чухал гэв.

Хэрэв гурван талт улсын хэлэлцээрээр хэлэлцэх асуудлыг хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн зохицуулалтын хүндрэл байгаа бол маргаан үүсгэхээс илүүтэйгээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа тодорхой боловсруулж, Улсын Их Хуралд ирүүлэхийг зөвлөлөө. Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох бодит санал, санаачилгыг хүлээн авч, хамтран ажиллахад Улсын Их Хурал нээлттэй гэдгийг тэмдэглэлээ. 

Түүнчлэн улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед ажил олгогч, ажилтан харилцан ойлголцож, эрх, үүргээ хүндэтгэн, асуудлаа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах суурь нөхцөл болохыг дурдлаа.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, А.Ариунзаяа, Т.Аубакир, С.Эрдэнэбат болон албаны бусад төлөөлөл оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Өмнөх мэдээлэл
УИХ-ын гишүүн, Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Дараагийн мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.