З.Мэндсайхан: Тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлж, 16 мянган өрхийг орон сууцтай болоход дэмжинэ

53 минутын өмнө

2027 оны төсөв батлагдсантай холбогдуулан Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өгч, тэтгэвэр, цалингийн нэмэгдэл, орон сууцны санхүүжилт болон ажлын байрыг дэмжих арга хэмжээнүүдийг танилцууллаа.

Тэрбээр ирэх оны төсвийг эдийн засгийн өсөлтийг иргэдийн орлого, бизнесийн боломж болгон бодитоор хүргэхэд чиглүүлсэн хэмээн тодотгов. Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ зам, орон сууц, эрчим хүч, үйлдвэрлэлийн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжихээр төлөвлөжээ.

                                                 Тэтгэврийн дундаж хэмжээ 1.3 сая төгрөгт хүрнэ
Арваннэгдүгээр сарын 1-нээс ахмад настнуудын тэтгэврийг 100–300 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн бол 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс дахин 10 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан байна. Ингэснээр тэтгэврийн дундаж хэмжээ 1.3 сая төгрөгт хүрэхээр тооцжээ.

Цалингийн тухайд энэ сарын 1-нээс эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 20 хувиар нэмэгдүүлж, боловсролын салбарынхантай ижил түвшинд хүргэсэн бол төрийн үйлчилгээний салбарынхны цалинг 50 хувиар нэмэгдүүлсэн талаар мэдээлэв.

Мөн 2027 оны дөрөвдүгээр сарын 1-нээс төрийн нийт албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэх, төрийн тусгай болон төрийн захиргааны албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх арга хэмжээг төсөвт тусгасныг онцоллоо.

                                               Орон сууцны санхүүжилтийг 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ
Ирэх онд орон сууцны санхүүжилтийг 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, ипотекийн зээлийн эх үүсвэрийг өргөжүүлэхээр төлөвлөжээ. Үүний хүрээнд гадаад, дотоодоос 500 сая хүртэлх ам.долларын шинэ санхүүжилт татаж, 16 мянган өрхийг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх зорилт тавьсан байна.

Түүнчлэн хувийн хэвшлийн оролцоотойгоор эхний гурван жилд жилийн зургаан хувь, дөрөв дэх жилээс 12 хувийн хүүтэй орон сууцны зээлийн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Урьдчилгаа төлбөрийн босгыг бууруулах, түрээслээд өмчлөх сонголтыг нэмэгдүүлэх, зээл олгох үйл явцыг ил тод болгох арга хэмжээг мөн хэрэгжүүлэхээр танилцуулсан байна. Иргэд анх удаа өмчилсөн орон сууцаа худалдахад борлуулалтын орлогод ногдох хоёр хувийн татвараас чөлөөлөхөөр мэдээлэв.

                                             Бүтээн байгуулалтаар 90 мянга гаруй ажлын байрыг хадгална
2027 онд экспортын орлогыг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж, Монголын бүтээгдэхүүнийг Евразийн эдийн засгийн холбооны таван улсын зах зээлд гаргах боломжийг өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Улсын төсөв болон гадаад зээл, тусламжаар хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдэд 3,000 гаруй компани үндсэн болон туслан гүйцэтгэгчээр оролцож, 90 мянга гаруй ажлын байрыг хадгална гэж тооцсон байна.

Эдгээр хөрөнгө оруулалтын үр өгөөжийг зөвхөн барилгын салбараар хязгаарлахгүй, бараа, үйлчилгээ нийлүүлэгч бизнесүүд болон тэдгээрт ажиллаж буй иргэдийн орлогод хүргэхийг зорьж байгааг онцоллоо.

“Эдийн засгийн өсөлт тоон үзүүлэлтээс гадна айл өрх бүрийн амьдралд мэдрэгдэх ёстой” гэсэн зарчмыг ирэх оны төсвийн бодлогод баримталсан гэж Засгийн газрын зүгээс тайлбарлав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Өмнөх мэдээлэл
Тэсрэх бөмбөг байрлуулсан гэж зориуд худал мэдээлбэл 1–5 жил хорих ялтайг анхаарууллаа
Дараагийн мэдээ
Өнөөдөр Э.Цэндбаатар аваргын бүсний төлөө тулалдана

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (0)

  1. Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Хайлт

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.