Олон нийтийн газарт тэсрэх бөмбөг байрлуулсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэх болсонтой холбогдуулан Терроризмтой тэмцэх зөвлөлөөс сэрэмжлүүлэг гаргалаа.
Энэ сарын 10-нд Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулийн байранд тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээллийн дагуу цагдаа, тагнуулын байгууллагууд шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм.
Сүүлийн үед нисэх буудал, агаарын хөлөг, эрүүл мэнд, боловсролын байгууллага зэрэг олон нийтийн газарт тэсрэх бөмбөг байрлуулсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэх болжээ.
Терроризмтой тэмцэх зөвлөл болон түүний бүрэлдэхүүн байгууллагууд мэдээлэл бүрд зохих хариу арга хэмжээ авч, хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн этгээдүүдийг тогтоон шалгаж байгааг тус зөвлөлөөс мэдэгдэв.
Террорист үйлдлийн талаар зориуд худал мэдээлсэн этгээдэд 1–5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулдаг болохыг сэрэмжлүүлэгт онцолсон байна.
Мөн иргэдийг худал дуудлага, мэдээлэл өгөхгүй байх, цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлэхдээ террорист үйл ажиллагаанд олон нийтийг уриалах, түүнийг нийтийн өмнө зөвтгөх, хатгахаас зайлсхийхийг анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх