Тэрбээр иргэн М.Орхонтуулын санаачилсан “Ард түмний колонк”, шатахууны үнийг бууруулах боломж болон салбарын яамны төсвийн талаарх асуултад хариулсан юм.
“Шатахуун түгээх станц байгуулах эрх иргэн бүрд нээлттэй”
Г.Дамдинням “Ард түмний колонк” байгуулах санаачилгын талаар ярихдаа ямар ч иргэн шатахуун түгээх станц байгуулах эрхтэй ч хуульд заасан шаардлагыг хангаж, тусгай зөвшөөрөл авах ёстойг онцлов.
“Ямар ч иргэн шатахуун түгээх станц байгуулах эрхтэй. Гэхдээ хууль ёсны байх ёстой. Тусгай зөвшөөрөл авахад олон төрлийн материал шаардлагатай” хэмээн тэрбээр хэллээ.
Мөн шатахууны үнийг бууруулахтай холбоотой тооцооллыг яамнаас гаргаж өгсөн бөгөөд одоо Сангийн яам шийдэл гаргах шаардлагатай гэж мэдэгдэв.
Сайдын мэдээлснээр, 2026 оны төсвийн хүрээнд нэг сарын хэрэглээний шатахууны нөөц хадгалах сав байгуулах ажлыг эхлүүлжээ. Үүнээс 14 хоногийн нөөц хадгалах савны бүтээн байгуулалт дуусах шатандаа байгаа аж.
Уг ажлыг үргэлжлүүлэх санхүүжилтийг 2027 оны төсөвт тусгасан бөгөөд ирэх оны төгсгөлд гурван сарын нөөц хадгалах багтаамжтай болохоор төлөвлөсөн байна. Энэ нь агуулахын хүчин чадлын зорилт бөгөөд тухайн хэмжээгээр шатахуун нөөцөлсөн гэсэн үг биш юм.
Г.Дамдинням сүүлийн 30 орчим жилд шатахууны агуулахын багтаамжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлээгүй гэж мөн онцоллоо.
Түүнчлэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 100 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэйг дурдаж, “Улсын төсөвт хамгийн их орлого төвлөрүүлдэг хэр нь хамгийн бага төсөвтэй байдаг” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Сэтгэгдэл үлдээх