“Ажил мэргэжил судлал”-аар 60 гаруй хүн магистрын зэрэг хамгаалж, сурагчдад мэргэжил сонголтын зөвлөгөө өгч байна

timelive.mn 2023-11-6

 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид мэргэжлээ буруу сонгосноосоо болж их, дээд сургуулиа дундаас нь хаях эсвэл сонирхолтой мэргэжлийнхээ талаарх мэдээллийг авч чадалгүй, төгссөн мэргэжлээрээ ажилд ордоггүй. Ингэснээр хөдөлмөрийн зах зээлд ажилгүйдэл ихсэх улам бүр эрсдэлтэй болдог.

Мөн сонгосон мэргэжлээрээ тууштай ажилладаг залуус карьераа хэрхэн төлөвлөж, яаж амжилтаа ахиулах вэ гээд нийгмийн бүх шатны хүмүүс ажил мэргэжлийн чиг баримжаа авах тал дээр хэрэгцээтэй тулгарсаар байна.

Харин энэ асуудлыг шийдвэрлэж, мэргэшсэн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүдийг бэлтгэхээр одоогоос зургаан жилийн өмнө Монгол Улсын Их Сургууль(МУИС) нь “Ажил мэргэжлийн зөвлөх” мэргэжилтнийг бэлтгэх магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Бид энэ удаад МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн профессор Д.Бумдарьтай салбар дундын “Ажил мэргэжил судлал” мэргэжлийн магистрын сургалтыг хөндөн ярилцлаа.

– Юуны өмнө ярилцахыг зөвшөөрсөн танд баярлалаа. “Ажил мэргэжил судлал”-аар мэргэшсэн мэргэжилтэн нийгэмд яагаад чухал вэ гэдгээс яриагаа эхлүүлье?

зураг

– Өдрийн мэнд хүргэе. Уншигчдын хувьд улс төр судлалын доктор мэргэжил сонголтын талаар ярихаар сонин санагдаж магадгүй юм. Юуны өмнө тус хөтөлбөрийн талаар танилцуулга хийх нь зөв гэж бодож байна.

Манай МУИС-ийн стратеги төлөвлөлтөд салбар дундын мэргэжил, мэргэшлүүдийн сургалтыг эхлүүлэх, салбар дундын хамтарсан судалгааг өргөжүүлэх зорилтыг тавин ажилладаг. Энэхүү зорилтын хүрээнд МУИС дээр хамгийн анхны салбар дундын магистрын хөтөлбөр болон нээгдсэн нь “Ажил мэргэжил судлал-(Career studies)” юм. Тус салбараар мэргэшихийн ач холбогдлын талаар дурдахын өмнө Төр ямар оролцоотой болох талаар хэлье.

Төрийн бодлого ерөнхий суурийн түвшинд ядаж боловсрол эзэмшсэн, бие даасан орлоготой, татвар төлдөг, эрүүл чийрэг иргэн хүнийг бэлдэх үүрэгтэй байдаг. Иргэн хүн татвар төлөгч иргэн байж гэмээнэ төр мөнгөтэй байна гэсэн үг. Тиймээс иргэн хүнээ ажил, мэргэжилтэй болгохын тулд төрийн зөв бодлого хэрэгжих ёстой. Төрийн бодлогын нэг жижигхэн салаа нь мэргэжил сонголтын асуудал юм.

Иргэн хүн мөнгө, цагаа сул үрэхгүй байхаар суралцах боломж, өөрт тохирсон мэргэжил эзэмшиж сайн сайхан амьдрах боломж, сонголт хийх боломж, насан туршдаа хөгжих дэвших боломжийг төр бодлогоор бүрдүүлж, ажил мэргэжлийн мэргэшсэн зөвлөхүүд мэргэжлийн дэмжлэг үзүүлэн бодлогыг бодит болгоход оролцож байгаа нь хамгийн чухал нь орших болов уу. Хамгийн энгийн жишээ хэлэхэд ЕБС-ийн сурагчдад мэргэжил сонголтын зөвлөгөө өгөх мэргэшсэн мэргэжилтнүүд бэлтгэгдэж байгаа нь энэ мэргэжлийн ач холбогдлыг илэрхийлэх юм.

– МУИС-ийн 2017 оноос эхэлсэн “Ажил мэргэжил судлал” магистрын хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн ямар шатанд явна. Төслийг хэн, хаанаас санхүүжүүлсэн бэ?

– Тус салбар дундын магистрын хөтөлбөр Улс төр судлалын тэнхим, Социологи-Нийгмийн ажлын тэнхим, Боловсрол-Сэтгэл судлалын тэнхимийн 10 гаруй багш, судлаачдын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан.

Сургалт эхлээд өнөөдрийн байдлаар 60 гаруй магистрыг суралцуулж төгсөөд байна. Анх хөтөлбөрийг МУИС дээр тогтвортой үйл ажиллагаа явуулах чадамжтай болгохын тулд ХБНГУ, Швейцар, Австрали улсын засгийн газрын санхүүжилттэй Германы Олон Улсын хамтын нийгэмлэг GIZ-ийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн хамт олон хоёр жилийн турш дэмжин ажилласан.

Сургалтын тэтгэлэг, сургалтын хэрэглэгдэхүүний иж бүрдэл, суурь судалгаануудыг санхүүжилт, багшлах хүний нөөцийг олон улсад чадавхжуулах зэргээр бүрэн дэмжсэн. Хамгийн жижигхэн жишээг дурдахад манай их сургуулийн цахим хуудсаар зочлоход харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж үсгээ тохируулан унших дэмжлэг байдаг. Үүнийг GIZ-ийн дэмжлэгтэй манай хөтөлбөр хийсэн зэргийг дурдаад байвал олон зүйл бий. Энэ ташрамд GIZ-ийн хамт олон Герман, Австрали, Швейцарын татвар төлөгчдөд баярласан сэтгэлээ хөтөлбөрийн хамт олны өмнөөс илэрхийлмээр байна.

Манай их сургуулийн зүгээс үргэлж дэмжин ажиллаж, суралцах өрөө тасалгаагаар хангаж өгсөөр байгаа. Хөтөлбөрийн хувьд 2019 оноос өөрсдийн бие даасан байдлаар сургалт, судалгаагаа тогтвортой явуулж байна. 2023 оны намрын элсэлт таван магистр элсэн орсон, бүгд энэхүү мэргэжлийн ач холбогдол, нийгэмд үзүүлэх үр шимийг судлан элсэн суралцаж байгаа оюутнууд тул сургалтын үйл ажиллагаа идэвхтэй өрнөдөг.

– Хамгийн гол нь энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл болон монгол хүний онцлогт тохируулан ХБНГУ-ын Хөдөлмөрийн агентлаг, Их сургуулийн дэмжлэгтэйгээр боловсруулж, суурьшуулсан гэдгээрээ онцлог байх?

– Сургалтын хөтөлбөрийг боловсруулахад ХБНГУ-ын Хөдөлмөрийн агентлаг, түүний дэргэдэх Хөдөлмөрийн Их сургуулийн манлайлал өндөр байсан. Бидний хувьд анхны магистрын хөтөлбөр тул сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрүүдийг боловсруулахын тулд олон улсад тэргүүлж буй сургалтын байгууллагын хөтөлбөрүүдтэй дүйцүүлж өөрсдийн онцлогийг тусгах замаар боловсруулалт хийдэг.

Ажил мэргэжил судлал нь ЮНЕСКО-гийн индексийн ангиллаар Зан үйлийн шинжлэх ухаан (behavioural sciences)-д хамаарагддаг. Тийм ч учраас манай гурван тэнхим, үүн дундаа Сэтгэл судлал, Социологийнхон түлхүү байр суурь эзлэн хичээлийн хөтөлбөрийг боловсруулсан байдаг. Манайд суралцдаг бүх оюутнуудын хичээлийн ном, бие даалтын ном, сургалтын гарын авлагууд иж бүрэн байдаг.

Цахим хэлбэрээр зарим хичээлийг үзэх боломжтой. Тус магистрын хөтөлбөр аль болох суралцах нөхцөлөөр бүрэн хангах, орон зай үл хамааран суралцах боломжоор хангах, мэргэжлийн дадлагыг өндөр түвшинд хийх зэрэг Германы сургалтын арга барилын ололттой хэсгийг нэвтрүүлсэн байгаа.

– Хувь хүнд өөрт нь тохирсон ажил мэргэжлийн чиг баримжааг академик түвшинд суралцсан ажил мэргэжлийн зөвлөх өгөх эсвэл тухайн хүний ойр тойрны хүмүүс буюу эцэг, эх, найз нөхөд нь өгөх асар их ялгаатай гэдгийг залуус ойлгож эхэлж үү?

– Манайд өнөөдрийг хүртэл 100 орчим иргэд элсэх шалгалт өгөөд таван жилийн турш 60 гаруй магистрыг бэлтгэн гаргасан байна. Мэргэжлээрээ амжилттай яваа төгсөгчид маань салбарын яамдтайгаа хамтран бодлогын түвшинд мэргэжил сонголтын асуудлыг дараагийн шатанд аваачиж явна. Өөрсдийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг төвтэй болсон байна. Хамгийн чухал нь мэргэжил сонгох гэдэг нь таны амьдралын хамгийн чухал сонголтуудын нэг юм.

Ажил мэргэжлээ хэрхэн сонгохоос шалтгаалан таны орлого, амьдралын түвшин, цаашдын карьер гээд олон зүйлсийг бүрдүүлж өгнө. Онцолж хэлэх нь өөрийн авьяас, сурах чадвар, сонирхолдоо тулгуурлан мэргэжлийн хүрээгээ тодруулах нь ирээдүйдээ оруулж буй зөв хөрөнгө оруулалт гэдгийг орчин үед ойлгодог болжээ. Хувийн ЕБС-д бүгд Карьер хөгжлийн төвтэй болсон байна. Тиймээс энэ мэргэжлийн ач холбогдлыг ойлгож эхэлсэн гэж харж байна.

– МУИС магистрын зэрэгтэй Ажил мэргэжлийн зөвлөх бэлтгэхээс гадна багш судлаач, ахисан түвшний оюутнуудыг богино болон урт хугацаанд дадлагажуулж, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөртэй болсон гэсэн. Урт хугацаанд хэрэгжих үү? Үр дүн гарч эхэлсэн үү?

– Манайх зэрэг олгодог мэргэжлийн, судалгааны магистрын гэсэн хоёр хөтөлбөртэй. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зөвлөгөө өгөх ур чадварын сургалтын 32 цаг, ажил олгогчдод, хүний нөөцийн мэргэжилтэнд зориулсан 32 цагийн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөртэй.

Цар тахлын үед цахим хэлбэрээр энэхүү сургалтуудаа орж байсан. Манай хөтөлбөрийн багш нар ажил мэргэжлийн зөвлөхийн чиглэлээр ажиллаж байгаа төгсөгчидтэйгөө хамтран ажиллаж байгаа. Саяхан бид хамтран олон улсын байгууллагын төслийг хэрэгжүүлэх эрхийг авсан. Манай төгсөгчид идэвхтэй ажиллаж байна. Мөн энэ мэргэжлээр ажилладаг, энэ чиглэлийн судалгаа хийдэг судлаачдын дунд Мэргэжлийн холбоог үүсгэн байгуулсан, богино сургалтаа тэдэндээ даатгах төлөвлөгөөтэй байна.

– Ярилцсанд баярлалаа.