Д.Амарбаясгалан: Төр өөрөө ард түмний зовлон болж байгаа энэ цаг үеийг бид өөрчлөх шаардлагатай

timelive.mn Өчигдөр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхөө албан ёсоор өнөөдөр /2025.09.12/ мэдэгдлээ.

Энэ мэдэгдлийг хийхийн өмнө тэрбээр Монголын асуудал Монголын төр өөрөө болсон байна. Ард түмний зовлон төр өөрөө болсон байна.

Ялангуяа парламентад суудалтай таван нам зөвшилцлийг өндөр төвшинд хийж, төрийн сул тал, дутагдал болж ард түмний шүүмжлэлд өртөж байгаа тэр бүхнийг засч залруулахын төлөө ажиллах ёстой.

Иймээс ирэх намрын чуулганаар УИХ таван гол зүйлд анхаарал хандуулж ажиллана. Нэгдүгээрт, Монгол төрийн данхайсан бүтцийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай.  Социализмын үеэс эхлэлтэй энэ данхайсан бүтэц нийгмийн асуудал болсон байна. Олон яамтай, олон агентлагтай шаардлагагүй хэрнээ төрийн болон орон нутгийн өмчит компанитай болсон. Монгол төрийн маш том сул тал болсон. Төрийн бүтцийн дахин инженерчлэлийг хийх шаардлага тулгарч байна. Тиймээс намрын чуулган энэ асуудалд анхаарал хандуулж ажиллана.

Хоёрдугаарт, УИХ-ын хаврын чуулганаар төрийн процессын дахин инженерчлэлийг баталсан. Засгийн газарт тогтоолоор үүрэг өгсөн. Хэдэн мянган давхардсан, ард түмэнд хүндрэл үүсгэж байгаа процессын дахин инженерчлэлийг бодитой ажил хэрэг болгохын төлөө УИХ хяналт тавьж, Засгийн газарт шаардлага тавьж ажиллана.

Гуравт, Хууль тогтоомжийн тухай хуульд хаврын чуулганаар өөрчлөлт оруулсан. Монгол Улсад авлига хүнд суртлын суурь болсон олон мянган дүрэм журмыг хуулинд шингээх энэ зорилгыг агуулснаар энэ хуулийн өөрчлөлтийг хийж чадсан. Монгол Улсад өнөөдөр нийтлэг харилцааг зохицуулж байгаа 350 орчим хууль байна, 2768 журам байна.  Үндсэндээ нийгмийн харилцааны 30 хувийг хуулиар, 70 хувийг дүрэм журмаар зохицуулж байгаа энэ харилцаа нь өнөөдөр нийгмийн тэгш бус байдлыг хөрөнгө чинээтэй, эрх мэдэлтэй хүмүүст илүү боломж олгох нөхцлийг бүрдүүлсэн. Тийм учраас ирэх оны тавдугаар сар гэхэд 2768 хэм хэмжээ тогтоож байгаа журмуудыг хуулинд шингээх, хууль нь өөрөө иж бүрэн зохицуулалтаа хийж чаддаг болох тэр нөхцөл боломжийг бүрдүүлэх дээр анхаарч ажиллана.

Дөрөвт, Татварын багц хуультай холбоотой асуудал яригдаж байна. Татварын хувь хэмжээтэй холбоотой асуудлаар бизнес  эрхлэгчид иргэдийн зүгээс олон талын санал гомдол гаргаж байгаа. Засгийн газраас өргөн баригдахаар парламентын сайт дээр тавигдсан иргэдийн хүсэлт авч байгаа төслийг харлаа.  Яг үнэндээ иргэдийн хүсэж байгаа хэмжээний томоохон өөрчлөлт хийж чадахааргүй төсөл явж байна гэж миний хувьд дүгнэж байна.

Татварын хуульд одоо косметик засвар хийснээр бизнес эрхлэгчид болоод ард иргэдэд дэмжлэг үзүүлэх, татварын хөнгөлөлт эдлэх боломж хангалттай бүрдэхгүй. Монгол Улсад өнөөдөр татварын реформ хэрэгтэй гэдэгтэй санал нийлэх хэрэгтэй.

Монгол Улс татвараар орлогоо бүрдүлж, бүрдүүлсэн орлогоороо зардлаа гаргадаг ганцхан аргачлалтай улс. Гэтэл өндөр хөгжилтэй орны жишээг харахад татварыг юуны төлөө авдаг юм, юуны төлөө хөнгөлдөг юм, ямар учраас бизнесийг дэмжих зорилгоор татварын бодлого хэрэгжүүлдэг юм бэ гэдэг нь маш тодорхой байна. Би саяхан Казахстан улсад айлчлаад ирсэн. Казахстан улсад илүү их баялаг бүтээж, илүү их хөдөлмөрлөж байгаа бизнес эрхлэгч, иргэндээ илүү их хөнгөлөлт боломж үзүүлж байна.

Бизнес эрхлэгчид хувийн хэвшлээрээ эдийн засгаа тэлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадаж байна. Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдад ялгавартай хандахгүйгээр адилхан эрх тэгш боломжийг олгож, олон талын дэмжлэг үзүүлснээр Казахстан улсын эдийн засаг төрөөс үл хамаралтайгаар тэлж чадаж байгаа сайн жишгийг нэвтрүүлэх ёстой гэж үзэж байна. Татварын хуульд нэмэлт өөрчлөлт биш реформын томоохон өөрчлөлт хийх санаачлага гаргана.

Тавдугаарт, нийгмийн даатгалын тогтолцоотой холбоотой асуудал олон жил яригдаж ирлээ. Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажиллаж байгаа учраас Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах боломжгүй, нөгөө талдаа тэтгэврийг нэмэх боломжгүй гэж үе үеийн Засгийн газар үзэж ирсэн. Гэхдээ Монгол Улсаас бусад бараг бүх улс орон хувийн нэрийн данстай болсон Нийгмийн даатгалын тогтолцоог нэвтрүүлж чадахгүй байгаа сул талыг намрын чуулганаар хэлэлцэж өөрчилнө. Засгийн газраас  өргөн барихаар бэлдсэн Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийг авч үзсэн. Хаврын чуулганаар өргөн барих гэхэд нь хүлээж аваагүй. Аваагүй шалтгаан нь уг хуулийн төслийн үндсэн зорилго нь өнөөдрийн байгаа Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг байхгүй болгох зорилго агуулсан.

Иргэдийн зүгээс Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах, хуримтлалын нэгдсэн сантай болох тогтолцоог бий болгооч ээ гэдэг шаардлага тавьж байгаа.

Иргэдийн хүсэлт ийм байхад бид өргөн мэдүүлэх гэж байгаа  төслийн хүрээнд хэлэлцэх юм бол төр  иргэдээ мэдрээгүй, нийгмийнхээ хэрэгцээг хангаагүй хууль хэлэлцэж батлах нөхцөл рүү явж байна. Тиймээс УИХ эдгээр таван асуудал дээр төвлөрч ажиллана.

Парламентын засаглал гэдэг бол төрийн эрх барих дээд байгууллага гэдгээрээ Үндсэн хуулиар заагдсан байгууллага. Тэр утгаараа энэ байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод явах ёстой,  хариуцлагатай өндөр чанартай шийдвэр гаргаж байх ёстой гэдэг утгаараа парламентад суудалтай байгаа намуудын инстутцжсэн байдал хариуцлага гээч зүйл зуйлын өндөр. Тэр утгаараа улс төрийн намуудын шинэчлэл өөрчлөлт гэдэг зүйлийг байнга дэмжиж явах учиртай. Улс төрийн нам амьд организм гэж үздэг.

Өдөр бүр шинэчлэгдэж, өөрчлөгдөж, дэлхий нийтийн, нийгмийн асар том өөрчлөлтийн шинэчлэлийг мэдэрч өөрсдөө өөрчлөгдөж чаддаг байж улс төрийн нам амьд оршин тогтнож чаддаг.

Тэгж явж чадаж байж иргэд сонгогчид залуу үеийнхээ дэмжлэгийг авч чаддаг гэдэгтээ та бүхэн санал нэгдэнэ гэж бодож байна.

Албан ёсоор би мэдэгдэл хийхийг хүссэн.

Монгол Улсад хувь хүн бус хууль засагладаг эрх зүйт төртэй байх ёстой. Энэний төлөө улс төрийн нам бүр үе үеийн парламентууд зорьж, ажиллаж ирсэн гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Хоёр их гүрний дунд оршиж байгаа Монгол Улс ардчилсан Монгол Улс ардчилсан парламентынхаа тогтолцоог улам бүр баталгаажуулж дархлаажуулж яавах учиртай байдаг. Хуулийн доор хүн бүр эрх тэгш амьдардаг нийгмийг бид цогцлоон хөгжүүлэх ёстой. Тэр бол Монгол Улсын Их хурлын Монголын төрийн үндсэн зорилго байх ёстой. Энэ утгаараа би 100 жилийн түүхтэй МАН-ыг хувь хүн бус хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө 300 мянган гишүүнтэй МАН-ын иргэд сонгогчдынхоо өмнө амласан том амлалтыг биелүүлэхийн төлөө, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар найман жилийн туршид ажиллаж, шинэчлэлт өөрчлөлт, дэвшилтэт үзэл санааг улс төрийн намын үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байсныхаа төлөө МАН ын даргын сонгуульд нэр дэвшиж оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.