Жендэрийн тэгш байдлын чадавхыг бэхжүүлэх сургалтад Сангийн яам, Татварын ерөнхий газрын албан хаагчид хамрагдаж байна

timelive.mn 2023-11-5

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Төрийн байгууллагуудад хэрэгжих жендэрийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт” төсөл Татварын Ерөнхий Газарт хоёр жилийн хугацаатай хэрэгжиж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд НҮБХХ-ийн “EQUANOMICS/ЭКВАНОМИКС” багийн хамт олон ТЕГ-ын ажилтнуудын жендэрийн тэгш байдлын чадавхыг бэхжүүлэх сургалтыг 2 өдрийн хугацаанд зохион байгуулж байна.

НҮБХХ-ийн “EQUANOMICS/ЭКВАНОМИКС” хэмээх томоохон санаачилга нь төсвийн бодлогыг жендэрийн тэгш байдалтай уялдуулж, төрийн санхүү, нөөц бололцоог дайчлах, жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй татварын системийг дэмжих зорилготой юм. Монгол Улсыг оролцуулаад дэлхий дахинд нийт найман улс энэхүү санаачилгад хамрагдан үйл ажиллагаа явуулж байгаа ба жендэрт нийцсэн татварын тогтолцоог бий болгох хүрээнд ажиллаж байгаа юм.

Энэхүү төслийн хүрээнд ТЕГ нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Жендэрийн Үндэсний Хороотой нягт хамтран ажиллаж, төлөвлөлт, менежмент; байгууллагын бүтэц, чадавх; ажиллах орчин; оролцоо, түншлэл, хариуцлага; төрийн бодлогын үр дүн, нөлөөлөл гэсэн нийт таван хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг 20 стандарт, 40 жишиг үзүүлэлтийн дагуу сайжруулан ажиллах юм. Энэхүү хоёр өдрийн сургалтад Сангийн яамны холбогдох мэргэжилтнүүд болон ТЕГ-ын 40 албан хаагч оролцож байна.