Монгол Улсын аялал жуулчлалын онцлох үйл ажиллагааны нэг мөсний баярыг жил бүрийн 3 дугаар сарын 2,3-ны өдөр зохион байгуулдаг.
Ирэх жил мөсний баяр болох өдөр сар шинийн баярын өдрүүд давхцаж байгаа учраас Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас мөсний баярыг 2 дугаар сарын 21-23-ны хооронд зохион байгуулах санал боловсруулж, шинээр байгуулсан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд хүргүүлсэн.
ССАЖЗЯ-наас “Хөх сувд-2025” мөсний баярыг ирэх оны 2 дугаар сарын 13-23-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар Сантын өвөр гэдэг газар Мөсний баяр хийж, арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байсан түүхтэй.
Харин 2001 оноос Мөсний баярын хүрээ тэлсээр жил бүр уламжлал болгон тэмдэглэж, Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал эвент үйл ажиллагаа болж өргөжин хөгжиж байгаа юм.
Ташрамд, “Хөх сувд-2024” мөсний баярт 20 мянга гаруй иргэн оролцжээ.
0 cэтгэгдэлтэй