Эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Японы хувийн хэвшлийнхнийг хөрөнгө оруулж, хамтарч ажиллахыг Сангийн сайд уриалав

timelive.mn 2024-01-17

Монгол улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайханыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 15-нд Токио хотноо хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан байна.

Сангийн сайд Б.Жавхлан тус арга хэмжээнд оролцох үеэрээ 50 гаруй жилийн түүхэн харилцаатай манай хоёр улсын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх салбаруудад Японы хувийн хэвшлийнхнийг хөрөнгө оруулж, хамтарч ажиллахыг уриалсан аж.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллаж байгааг танилцуулжээ.

Япон улсын Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн 17 гишүүн, Гадаад хэргийн дэд сайд Ё.Цүгэ, Батлан хамгаалахын дэд сайд Ш.Миякэ, Сангийн дэд сайд М.Канда зэрэг улс төр, эдийн засаг, хувийн хэвшил, олон нийт, соёлын салбарын 600 гаруй төлөөлөл тус хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон байна.

 

Эх сурвалж: Сангийн Яам