Өнөөдөр уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалт болно

timelive.mn 2023-11-30

Ойрхи Дорнодын санхүү, технологийн төв болох Дубай хотноо уур амьсгалын асуудлаарх дэлхийн 140 гаруй орны удирдагчдын дээд түвшний уулзалт өнөөдөр эхэлнэ

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын талуудын 28 дугаар бага хурлыг (COP28) зохион байгуулж буй орны хувьд, мөн газрын тос үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том орнуудын нэг болохын хувьд Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/ олборлодог түлшнээс татгалзахгүйгээр нүүрстөрөгч багатай ирээдүйг байгуулах боломж бий гэдгийг олон улсын хамтын нийгэмлэгт итгүүлнэ гэж найдаж байна.

Энэ онд COP28-ын Ерөнхийлөгчөөр томилогдсон АНЭУ-ын Аж үйлдвэр, дэвшилтэт технологийн сайд бөгөөд Абу-Даби дахь үндэсний газрын тосны ADNOC компанийн тэргүүн Султан бин Ахмед Аль Жабер нүүрсустөрөгчийн хэрэглээг бууруулах асуудалд хариуцлагатайгаар хандах хэрэгтэй гэдгийг нэг бус удаа хэлж байсан юм. Тэрбээр уламжлалт түлшнээс шат дараатайгаар татгалзах нь гарцаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нүүрсхүчлийн хийг агаарт дэгдүүлэхгүйгээр хуримтлуулах, хадгалах, ашиглахад чиглэсэн орчин үеийн технологиудыг чухалчлах ёстой гэж үзэж байна. Газрын тос олборлогч бусад томоохон орнуудын дэмжлэгийг хүлээж буй энэхүү үзэл баримтлал нь дэлхийн дулааралтай тэмцэхэд аль аргыг хамгийн оновчтой гэж үзэх вэ гэдэг тал дээр оролцогчдын дунд санал зөрөлдөөн үүсгэж магадгүй юм.

Арванхоёрдугаар сарын 12-ныг хүртэл үргэлжлэх бага хурлын үеэр дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн нар, томоохон бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагын төлөөлөл, судлаачид, шинжээчид, сэтгүүлчид зэрэг 70 мянга гаруй хүн Дубайд ирэх төлөвтэй байна. Энэ нь уур амьсгалын асуудлаар НҮБ-ын бага хурлын түүхэн дэх хамгийн олон төлөөлөгч оролцсон тохиолдол юм.

Дээд түвшний уулзалтаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?

Уур амьсгалын дээд хэмжээний уулзалтад оролцох улс орнуудын төлөөлөгчдийн гол зорилго бол Парисын хэлэлцээрийн зорилгод хүрэх явцад гарсан ахиц дэвшилд дүн шинжилгээ хийх явдал юм. Энэхүү баримт бичгийг 2015 оны 12 дугаар сарын 12-нд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын талуудын 21-р бага хурлаар баталсан бөгөөд тус хуралд оролцогчид 2100 он гэхэд дэлхийн дундаж температурыг аж үйлдвэрийн өмнөх үеийн үзүүлэлтээс хоёр хэмээр хэтрэхээс сэргийлж, дулаарлыг 1.5 хэмээс хэтрүүлэлгүй барихаар тохиролцсон юм.

COP28-ын үеэр талууд анх удаа Парисын хэлэлцээрийг дэлхийн хэмжээнд нэгтгэн дүгнэнэ. Эл үйл явц нь олон улсын хамтын нийгэмлэгийг дэлхийн дулаарлыг тогтоон барих зорилтод хүрэхэд чиглүүлж чадах өндөр түвшний төлөвлөгөө боловсруулахад тус дөхөм болно. Дараа нь засгийн газрууд гаргасан ахиц дэвшлийнхээ талаар 2025 онд НҮБ-д тайлагнахын тулд энэхүү дэлхийн төлөвлөгөөг үндэсний бодлогодоо тусгах ёстой юм.

Бага хурлын бас нэг зорилго нь, ган гачиг, үер, далайн түвшний өсөлт зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр нөхөж баршгүй хохирол амссан улс орнуудад туслах зорилго бүхий дэлхийн анхны санг байгуулах юм. Дээд хэмжээний уулзалт болохоос хэдхэн долоо хоногийн өмнө хөгжингүй ба хөгжиж буй орнуудын төлөөлөгчид тус сангийн удирдлагын бүтцийн талаар санал нэгджээ. Түүнчлэн чуулганы эхний өдрүүдэд АНЭУ-ын засгийн газар цэвэр эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх зорилгоор 25 тэрбум долларын тусгай сан байгуулахаа зарлах төлөвтэй байна.

Дэлхийн удирдагчдаас хэн хэн оролцох вэ?

“Expo City Dubai” үзэсгэлэнгийн төвд болох энэ удаагийн бага хурлын үеэр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудалд зориулсан олон зуун арга хэмжээ зохион байгуулагдах юм. Тэдгээрээс хамгийн чухал нь дэлхийн улс орнуудын удирдагчдын дээд түвшний уулзалт бөгөөд хоёр өдрийн турш буюу 12 дугаар сарын 1, 2-нд төр, засгийн тэргүүн нар мэдэгдэл хийж, байгаль орчны асуудал, хүнсний аюулгүй байдал, байгалийн гамшгаас хамгаалах, ногоон эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг даван туулахад буурай хөгжилтэй орнуудад үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн талаар улс орныхоо байр суурийг илэрхийлнэ.

Дээд түвшний уулзалтыг АНЭУ-ын Ерөнхийлөгч Шейх Мухаммад бин Заид Аль-Нахайян үг хэлж нээнэ. Ойрхи Дорнодын бусад орнуудаас Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман Аль Сауд, Катарын Эмир Шейх Тамим бин Хамад Аль Тани, Бахрейны хаан Хамад бин Иса Аль Халифа, Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси нар оролцоно. Мөн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Израилын Ерөнхийлөгч Исаак Херцог, Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас нар оролцоно гэдгийг мэдэгджээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцын нарийн бичгийн дарга нарын газраас нийтэлсэн албан ёсны жагсаалтаасс үзвэл, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Германы Канцлер Олаф Шольц, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Испанийн Засгийн газрын тэргүүн Педро Санчес, Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дуда, Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич зэрэг Европын удирдагчид COP28-д оролцохоор хүрэлцэн ирнэ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Дубайд хүрэлцэн ирж, энэ онд “G20”-ийн уулзалтын үеэр өгсөн уур амьсгалын асуудлаарх амлалтуудаа танилцуулах болно гэж тус улсын Засгийн газрын мэдэгдэлд дурджээ. Мөн Филиппиний Ерөнхийлөгч бага Фердинанд Маркос, Индонезын төрийн тэргүүн Жоко Видодо нар удирдагчдын дээд хэмжээний уулзалтын эхний өдөр буюу баасан гарагт үг хэлэх төлөвтэй байна.

Хятад улсыг төлөөлөн шадар сайд Дин Сюэшян оролцох бол COP28-д оролцох ОХУ-ын төлөөлөгчдийг Ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Руслан Эделгериев тэргүүлнэ. Монгол Улсын хувьд тус улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Дубайд ирэхгүй бөгөөд дэлхийн хамгийн их утаа ялгаруулдаг орнуудын нэг болох тус улсыг  уур амьсгалын асуудал хариуцсан төлөөлөгч Жон Керри төлөөлнө. Ромын Пап Францис хамба ламын хувиар анх удаа оролцох гэж байсан боловч эрүүл мэндийн байдлаас шалтгаалан оролцох боломжгүй болжээ.

Бага хуралд мөн Африкийн 30 гаруй улсын удирдагчид оролцох бөгөөд COP28 нь амьжиргааны түвшнийг дээшлүүлж, улс орнуудыг цаг агаарын эрс тэс нөхцөлд тэсвэртэй болгох зэрэг тус тивд тулгарч буй асуудлуудын шийдлийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтуудтай  уялдуулан нэгтгэх боломжийг олгоно хэмээн тэд найдаж байна.