“Нүүрсний сонсгол”-ын хоёр дахь хэсгийн хоёр дахь өдрийн хуралдаан үргэлжилж байна.
Ажлын хэсгийн гишүүн Г.Ганболд: Ганц модонд нүүрсний үнэ 400 ам.долларт хүрч байхад гэрээний үнэ яагаад дагаж нэмэгдээгүй юм бэ?
ЭТТ компанийн маркетинг борлуулалтын хэлтсийн дарга Б.Сергежан: Би анх 2011 оны долдугаар сард ажилд орсон. Түүнээс хойш тасралтгүй ажиллаж байна. 2021 оны зургадугаар сард уурхайн аман дээр нүүрсний үнэ 438.9 ам.доллар хүрч байсан. Манайх 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр төлөөлөн удирдах зөвлөлийн 21 дүгээр тогтоолоор нүүрсний үнэ тогтоох аргачлал гэж баталсан. Тэр аргачлалын хүрээндээ нүүрсний үнэ улирал тутамд өөрчлөгдөөд явдаг. Хамгийн өндөр үнэ 150.71 ам.долларт хүрсэн байдаг. Ганболд гишүүнтэй санал нэг байна. Богинын тээврийн зардал маш өндөр болчихсон. Яагаад гэвэл тухайн үед Ганц мод боомтын хилийн нэвтрэлт муудсан. Өмнө нь өдөрт 1000 машин гардаг байсан бол тухайн үед 50-60 зарим өдөр бүр 30 машин, хамгийн ихдээ 100 машин гардаг болсон. Түүнээс шалтгаалж, Цагаан хад Ганц мод боомтын тээврийн зардал өндөр болсон. Хамгийн өндөртөө 325 ам.долларт хүрсэн гэдэг.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: АМНАТ-ийн үнийг Засгийн газар тогтоодог. Гэтэл 2007 оноос хойш долоон удаа шийдвэрээ өөрчилжээ. Үүний зөрүүд 1.5 тэрбум төгрөг үүссэн гэж бид тооцоолсон. Асуулт юу байна гэхээр шинжээчид үүн дээр тооцоолол гаргасан уу. Өөрөөр хэлбэл татварыг өндөр тавиад бага үнээр нүүрсээ зарж, дундаас нь ашиг унагаах маягаар татвараас зугтаад байна шүү дээ. Яг тэр хугацаанд нийлүүлэлт хийсэн компаниудын мэдээлэл байна уу?
Шинжээч: ЭТТ компанийн 2018-2022 оны тайланд энэ талаар тусгагдаад гарчихсан. Засгийн газрын 2014 оны 220, 2015 оны 102, 103, 2019 оны 342, 465 дугаар тогтоолуудаар нүүрс төмрийн хүдэр, төмрийн баяжмалын хувьд АМНАТ-ийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гэрээний үнээр тооцсон. Борлуулалтын үнэлгээнээс ногдуулж тооцох нөхцөлийг бүрдүүлж, бусад экспортлогч аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосныг Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоолоор зогсоож, хуулийн дагуу АМНАТ ногдуулах боломжийг бүрдүүлсэн.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Өчигдрийн бүтэн зураглалаар жолоочдыг урдаа гаргаж шахчихаад цаанаа богино хугацаанд их мөнгө хийгээд байгаа нөхдүүд нь компаний боссууд. Гаальтай холбогдчихсон татвараас зайлсхийдэг, цавчаа хийдэг энэ том схем ил болж байна. Сонсголын ач холбогдол энэ шүү дээ. Хүмүүс юу болоод байгааг ойлгодоггүй. Одоо бүрэн зураглалаар харуулж байна. Явж явж сүүлдээ тээврийн компанийн боссууд гаалийн мафи гэсэн хоёр зураглал тодорхой харагдлаа.
ЭТТ компанийн ТУЗ-ийн дарга Ч.Сайнбуян: Нүүрсний үнэ унаад байгаа юм бол та нар илүү зардал гаргаж өртөг нэмж яах гээд байгаа юм бэ. Цагаан хад гэж юу юм бэ. Түүнийг боль, хая. Маш хямд үнээр эндээс гарсан юм бол маш хямд үнээр уурхайн аман дээр гаалийн бүрдүүлэлтээ хийгээд хилээрээ гар гээд явуулсан. Баруун Цанхын уурхайгаас ингэж явуулсан. Ингэтэл хил дээр очоод оочерлочихсон. Тэгэхээр хилийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх ганц шугамаар биш зэрэгцээд 3-4, найман эгнээгээр ороод гардаг болгосон. Хоёрдугаарт, Энхбаяр даргын хэлж байгаа жолооч шатсан асуудал арай өөр. Энэ нь гэрээт олборлогч Ти Жи Юу Когийн нөхдүүд хэрвээ манайхаас гэрээ цуцалбал тэгнэ ингэнэ гэж сүрдүүлдэг. Манайхаас үнэ төлбөргүй шилжүүлж авсан компанийн жолооч нарыг уруу татдаг байхгүй юу. Тэгээд нэг өдөр нөгөө нөхөр чинь манай компанийн үүдэн дээр жолооч нар маань эсэргүүцэл зарлаж байна. Та нар учраа ол гэсэн нөгөөдөр нь манай компани дээр ирчихсэн хэрвээ Ти Жи Юу Ко компаниас гэрээ цуцлах юм бол амиа хорлоно гэсэн шүү дээ. Эрдэнээ гэдэг хүн өөр рүүгээ бензин цацаад шатаасан ш дээ. Түүний зардлыг төр төлж байгаа гэсэн. Наадах чинь тэнэг байна. Ер нь монголчууд ийм тэнэг амьдралтай байхгүй юу. Нэг хэсэг нь ажил хийе явъя, урагшилъя гэж байхад нэг хэсэг нь өөдөөс нь хараад ангайгаад суучихдаг. Эрдэнээ гэдэг нөхрийн эмчилгээний зардлыг төрөөс гаргаж байна гэсэн. Тэр буруу. Хэрвээ цаашид ингэж явах юм бол хөгжихгүй. Аль болохоор зардал нэмдэг. Зах зээлийн чинь үнэ багассан юм бол өртгөө багасга. Яаж багасгасан тухайгаа Батсуурь захирал ярь одоо.
0 cэтгэгдэлтэй