УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Их Засаг танхим”-д өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр хэвлэлийнхэнтэй ярилцах болсон талаараа “Олон сэтгүүлч ярилцлага, тодруулга авах хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг. Тиймээс та бүхнийг өнөөдөр энд дуудлаа” гэж онцлов.
– Та Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийг батлах ажлын хэсэгт багтсан. Энэ хууль батлагдсанаар ямар үр дүн гарах вэ?
– Иргэдийг шүүхийн шийдвэргүйгээр саатуулж байгаа явдлыг Олон улсын шинжээчид шүүмжилж, энэ асуудлаа залруулах зөвлөмж өгсөн. Үүний дагуу Засгийн газраас Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг Улсын Их Хурал (УИХ) – д оруулж ирсэн.
Энэ хууль батлагдсанаар шүүхийн шийдвэргүйгээр хүнийг баривчлах, саатуулах явдал зогсоно. Цөөн тохиолдолд хойшлуулшгүйгээр баривчлах арга хэмжээ авах шаардлага гарвал Шүүхийн шийдвэрийг тэр даруй гаргах зэргээр арга хэмжээ авна. Мөн хэргийнхээ зүйлчлэлээс хамаараад 1-18 сар хүртэл баривчилсан хугацаагаа сунгадаг асуудлыг цэгцлэх шаардлагатай байгаа.
Хэрэг хийсэн эсэх нь тодорхойгүй байхад хүнийг 18 сараар хорино гэдэг буруу. Одоогийн яригдаж байгаа хуулийн төсөлд дээд тал нь зургаан сараар баривчлах хугацааг сунгах, үүнээс цааш шүүхийн шийдвэр гарах хүртэл хорихгүй байхаар тусгаж байгаа. Одоо мөрдөгдөж буй хуулиар бүх төрлийн гэмт хэрэг үйлдсэн сэжигтнийг шаардлагатай тохиолдолд баривчлах, саатуулах арга хэмжээ авч буй. Үүнийг өөрчилж зөвхөн хоригдох ялын зүйлчлэлтэй хүнийг л Шүүхийн шийдвэрийн дагуу баривчлах ажиллагаа явагдана.
– Ирэх сонгуулийг томсгосон тойргоор зохион байгуулах тогтоолыг УИХ-аас баталлаа. Энэ тал дээр Та ямар байр суурьтай байгаа вэ?
– Сонгууль дөхсөн энэ үед эрх баригчид маш том өөрчлөлт хийлээ. Сонгуулийн тойргийг томсгох санаа нь буруу биш. Харин сонгууль болохоос зургаан сарын өмнө яарч, сандарч батлах шаардлага байгаагүй. Үүнийг Монгол Ардын Нам (МАН) – ын удирдлагууд ирэх сонгуульд яаж оролцохоо тооцож хийж буй өөрчлөлт гэж харж байна. Томсгосон тойргийн нэг ач холбогдол нь намуудын өрсөлдөөн байдаг. Тэгэхээр олон намын өрсөлдөөн биш хоёр намын хооронд өрсөлдөөн илүү өрнөх байх.
Монгол Улсын асуудлыг шийдвэрлэе гэвэл Улаанбаатар хотын асуудлыг түрүүлж ярих ёстой. Гэтэл энд сонгогдох гишүүдийн тоо цөөн байгаа нь буруу. Мөнгөтэй, олонд илүү танигдсан хүмүүс сонгогдох магадлал өндөр болно.
– Өнгөрсөн сонгуульд Та бие дааж нэр дэвшсэн. Энэ сонгуульд яаж оролцохоор төлөвлөсөн бэ?
– Дөрвөн жилийн өмнө Ардчилсан намаас (АН) – аас хассан тул бие дааж нэр дэвшсэн. Харин энэ удаа намаасаа өрсөлдөхөөр төлөвлөж байна. Намын удирдлагын асуудлыг бол мэдэхгүй. Гэхдээ манай нам сөрөг хүчний ажлаа хийхгүй байна. Эрх баригчдын хулгайн асуудлаар манай нам илүү шаардлага тавьж ажиллах ёстой. Харамсалтай нь энэ үүргээ гүйцэтгэж чадаагүй.
– Та Орхон аймгаас УИХ-д сонгогдсон. Өнгөрсөн хугацаанд тойрогтоо ажилласан уу? “Эрдэнэт үйлдвэр”-ийн цагаан тоосны асуудал иргэдэд хүндрэл учруулж байгаа. Энэ талаар ямар ажил хийсэн бэ?
– Намайг Орхоныхон сайн дэмжиж гишүүн болгосон. Гэхдээ би зөвхөн сонгогдсон тойрогтоо гэлтгүй нийт иргэдийн төлөө ажиллаж байгаа. Манай улсад ямар ч асуудал шийдэгдэхгүй байна. Ерөнхий сайдаар ажиллаж байсны хувьд эрх баригч намтай гурван зүйл дээр хамтарч ажиллах талаар ярьсан. Нэгдүгээрт, байгалийн баялагтаа эзэн болох, Эрдэнэтийн хүдрийн баяжмал буюу овоолгын ашгийг гурав хуваах санаачилга гаргасан. Харамсалтай нь УИХ-аар дэмжээгүй. Эрдэнэт үйлдвэрээс 100 сая ам.долларын ашиг гардаг. Үүнийг хэдхэн хүн хувааж байна.
– Цар тахлын үеийн төсвийн зарцуулалтын сонсголыг хэзээ хийхээр төлөвлөсөн бэ? Энэ асуудлаар танай намын зүгээс ямар нэг алхам хийж байгаа юу?
– Ковид-19-ийн үеийн төсвийн зарцуулалтын талаар манай бүлгийн зүгээс шаардлага тавьсан. Гэхдээ шийдвэр гаргагчид энэ талаар хэлэлцэхгүй байна. Эрх баригчдад юуг хэзээ гаргах вэ гэдэг үзэмжийн асуудал байх шиг. Цар тахлын төсвийг нийтэд ил болговол нүүрсчдээс ч дутахааргүй дуулиан болно. Тиймээс сонгууль дөхсөн энэ үед тэдэнд уг асуудлыг сөхөх сонирхол бага байна.
0 cэтгэгдэлтэй