Талийгаач С.Зоригийн хэрэг сүүлийн саруудад ард түмний анхаарлын төвд орсон учир түүний дотны найз Улс төр судлаач Л.Эрдэнэтуулын “Зууны мэдээ” сонинд өгч байсан ярилцлагыг хүргэж байна.
-Та С.Зориг агсантай ойр байж, нам байгуулж хамтран зүтгэж явсан нөхдийнх нь нэг. Бас түүний амь насаа алдсан жил бүрийн аравдугаар сарын 2-ны өдөр аймшигт хэргийг илрүүлэхийг төрд сануулж, дуугардаг цөөн хүний нэг. Тиймээс талийгаачийн эхнэр Б.Булганыг хорьсон үйл явдалтай холбогдуулж ямар бодолтой байна?
–Талийгаачийн эхнэр Б.Булганыг хориод ямар нэг мэдээлэл өгөлгүй бараг 3-4 сар болчихлоо. Олон нийт сонирхож, чих тавьж байгаа байх. Ер нь учир битүүлэг энэ байдал өөрөө нэг зүйлийг хэлээд байна. Зүй ёсоор хардаж байгаа нэг зүйл бол Б.Булганыг ээлжит улс төрийн шоуны золиос болж байна гэсэн хардлага олон нийтийн дунд өргөн тархлаа.
Мэдээж энэ асуудалд би өөрийн санаа бодол, хувийн дүгнэлтээ гаргаж байгаа. Гэхдээ миний ярьж буй зүйл, дүгнэлтүүд олон нийтэд ил тод болсон, өнгөрсөн 17-18 жилийн турш хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээллүүдэд түшиглэж байгаа юм шүү гэдгийг хэлэх нь зүйтэй. Яагаад гэвэл, ганц Б.Булганаар ч хязгаарлахгүй хүнийг учир битүүлгээр асуух, байцаах, ам хэлийг нь ямар нэгэн байдлаар үдэх явдал байгаа юм шиг байна лээ.
Б.Булганыг ээлжит улс төрийн шоуны золиос болж байна гэсэн хардлага олон нийтийн дунд өргөн тархлаа.
Тэгэхээр энд онцлон тэмдэглэхэд, ямар нэг зүйлийн логик гаргалгааг хардаг, учир холбогдлыг анзаарч ажигладаг хүмүүсийн хувьд би дүгнэлт гаргах гэж оролдсон. Тэгвэл, Б.Булганыг яах гэж баривчлав гэдэг асуулт зүй ёсоор гарна. Энд буруу ташаа мэдээлэл өгсөн гэдэг ч юм уу, ийм асуудал их гарч байна.
Эхлээд логикийн хувьд аваад үзэхэд, энд С.Зоригийн амь насыг хохироосон аллагын хэрэг илэрсэн гэж үзэх ямар үндэслэл байна вэ. Илэрлээ, жинхэнэ алуурчин олдлоо гэхэд нэгдүгээрт, хөдлөшгүй баримтаар тотоогдсон асуудал байж болно. Хоёрдугаарт, гарцаагүй тэр үйлдлийн гэрч болсон хүн, тухайлбал Булганы зүгээс алуучрдыг өөрийн биеэр таньсан, тэд хэргээ хүлээн зөвшөөрсөн, түүнийг гэрчийн мэдүүлгээр баталгаажуулсан үндэслэл байх учиртай. Энэ хоёр байна уу гэдэг асуулт зүй ёсоор тавигдана.
-Ийм зүйлүүд байлаа гэж бодъё. Тэгвэл тэр нь итгэлтэй байх үндэслэл бий юу, ялангуяа ул мөр, хэргийн газраас баталгаажуулж авсан баримтын тухайд?
-Таны хэлж байгаа үнэн. Тийм итгэлтэй үндэслэл тун бага л даа. Хэргийн газраас авагдсан ул мөр, баримтын талаар аллагын дараахан хэвлэл, мэдээллээр нэг бус удаа дэлгэгдсэн. Хэргийн газраас авагдсан хурууны хээ гэхчлэн зүйлүүд тэнд байхгүй байгаа. Яахав олдсон зүйл гэвэл, гарцаагүй нэг үсний тухай яригддаг. Одоо ч яригддаг. Тэр нь яг алуурчдынх нь мөн ч юм уу, биш ч юм уу. Гэхдээ мөн гэж үзээд хавтаст хэрэгт нотлох баримтаар авсан байх. Түүнээс өөр тоймтой зүйл, жишээ нь хэрэг үйлдсэн аллагын зэвсэг гэх зүйлүүд олдоогүй. Энэ нь цагдаагийнхны өгсөн мэдээллээс анзаарагддаг.
Хэвлэлээр хоёр хүн баригдсан гэж шуугиад байгаа. Тэр хүмүүс өөрсдөө хэргээ хүлээсэн байж болно. Гэхдээ энэ нь өөрөө нотлох баримт яагаад ч болохгүй. Урд нь ч гэсэн нэг бус удаа ийм тохиолдол гарч, хэвлэлээр цацагдаж байсан даа.
Ялангуяа 1999-2000 оны үед “Би Зоригийг алсан” гэж өөрсдөө цагдаад мэдүүлж байсан тохиолдол олон бий. Тэр болгоныг шалгаж тогтооход сэтгэцийн өөрчлөлттэй, ийм өвчний оноштой хүмүүс байж таарсан. Тэгэхээр “Би Зоригийг алсан” гэдэг нь яг тэр хэргийг үйлдсэн гэсэн нотолгоо биш юм.
Гарцаагүй цорын ганц амьд үлдсэн гэрч Б.Булганаар нүүрэлдүүлэн таниулах учиртай. Тэгэхээр нэгэнт сэжигтнүүдийг саатуулсан юм бол энэ 3-4 сарын хугацаанд аль хэдийнэ нүүрэлдүүлдэгээ нүүрэлдүүлээд, таниулахыг нь таниулж хэргийг нэг тийш болгож болно. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ тал дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан талаар мэдээлэл алга. Тиймээс Б.Булганыг ямар учраас саатуулж, тэр хугацааг удаан хугацаагаар сунгаж, гадаад орчинтой холбогдох юм уу, мэдээлэл авах боломжгүй хаалттай орчинд байлгаад байна вэ гэдэг нь мөрдөн шалгах процессийн хувьд утгагүй болж эхэлж байгаа юм. Надад тэгж л анзаарагдаж байна.
-Сонгуулийн өмнөх шоу гэсэн хандлага нийгэмд давамгайлж байна?
-Сонгуулийн шоу болоод л асуудлыг аль болох сунжруулаад байлгаад байна. Тэгэхээр анхнаасаа хэрэг илэрнэ, илрэх гэж байна гэсэн улс төрийн намуудын өрсөлдөөн, тэмцээний нэг илрэл болж хувирах гээд байна. Би ч бас тийм бодолтой байгаа.
-Б.Булган бол аймшигт аллагын цорын ганц гэрч. Гэрчийн эрх, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалдаг ёстой байтал сэжигтнээр татаж, 24 цагийн гэрэлтэй нөхцөлд хорьж, эргэлт оруулахгүй, хувцсыг нь хоёрхон удаа солиулсан гэсэн?
-Энэ нөхцөлд Б.Булганы эрх хүний эрх талаасаа дээд хэмжээгээр зөрчигдөж байгаа юм. Тэр хүн сэжигтэн, шалгуулах үндэслэлтэй байлаа гэхэд хамгийн наад захын эрх хэмжээг хангах ёстой. Өмгөөлөгчтэйгээ тусгаар орчинд чөлөөтэй уулзахаас эхлээд ар гэрийнхнийг нь эргүүлж тойруулах, хувцсыг нь солих, эргэлт оруулах, унших ном сонин оруулах зэрэг сэжигтнээр хоригдож байгаа хүнд ямар л нийтлэг эрх байдаг юм тэр бүгдийг хангах ёстой.
Тэгэхээр тэр хүнийг өөрийг нь хаалттай орчинд байлгах сонирхол байгаа юм уу гэж харагдаж байгаа. Түрүүн миний хэлсэн логикоор аваад үзэхэд, алуурчин гэж сэжиглэгдэж байгаа хүмүүсийг “Мөн” гэж хэлүүлэхийн тулд сэтгэлзүйн дарамт үзүүлэх, санаа сэтгэлийг нь тогтворгүй болгох, залхаах цээрлүүлэх, нэг ёсны эрүүдэх үйл ажиллагаа явагдаад байна уу гэж харж байна.
-Ингэхэд С.Зориг агсны амь насаа алдахын өмнөхөн үүсээд байсан улс төрийн нөхцөл байдал ямар байв. Хүмүүс янз бүрээр тайлбарладаг ч нэг фракцид нэгдэж, ойр явсных та л үнэнийг хэлэх байх?
-Улс төрийн нөхцөл байдлын хувьд тэр үеийн Ардчилсан холбоо эвсэлд үндсэндээ бэрхшээлтэй байдал тулгарчихсан байсан. Ерөнхий сайдаар томилуулах гэж Ерөнхийлөгч Н.Багабандитай нэр бүхий хүмүүс дээр хэд хэдэн удаа зөвшилцөх гэж оролдоод, тухайлбал Да.Ганболдын нэр долоон удаа буцсан, Э.Бат-Үүлийг хүртэл дэвшүүлж үзээд буцчихсан, Р.Амаржаргал Их Хурал дээр ганц саналаар дутсан үе.
Тухайн үедээ лидер гэж явсан нөхдөөс С.Зоригоос бусдынх нь нэр Ерөнхий сайдад дэвшээд бүх оролдлого бүтэлгүйтсэн байсан. Хэдийгээр цөөнх байсан ч гэсэн С.Зоригийн фракциас түүний нэрийг дэвшүүлэхээс өөр аргагүй болоод байсан юм. Бас Ерөнхийлөгч Н.Багабандитай С.Зоригийн талаар зөвшилцөхөд хүлээж авч болох юм гэсэн яриа хэлэлцээрүүд явж байсан уу гэвэл явж байсан.
-Тэгвэл С.Зоригийг Ерөнхий сайдад дэвшүүлж, Ерөнхийлөгчөөр дэмжүүлэх ажил С.Баярын гараар дамжиж, Э.Бат-Үүл зуучилж байсан гэдэг үнэн үү?
-Баабар ийм хувилбар дэвшүүлсэн байсан. Тэрэн шиг худал юм байхгүй. Зоригоотой маш ойр дотно, хамтарч байсан хүн гэвэл С.Баярын экс эхнэр, тухайн үед Их Хурлын гишүүн байсан Х.Хулан шүү дээ. Хажууд нь С.Баярын эхнэр байхад хаа хамаагүй Э.Бат-Үүлийг чирч авчирч зуучлуулна гэж байхгүй шүү дээ, хатуухан үнэнийг хэлэхэд.
Олон жил өнгөрсөн хойно үүнийг хэлсэнд Х.Хулан намайг уучлах байх. Гэхдээ С.Зоригийг Ерөнхий сайдад дэвшүүлж Ерөнхийлөгчөөр зөвшөөрүүлэх ажлыг Х.Хулан, хожим салсан ч гэсэн тэр гэр бүл гүйцэтгэсэн.
С.Зориг агсан өөрөө гардан хийж, тэр үеийн фракциудын нөлөө бүхий хүмүүстэй нэг бүрчлэн уулзаж, зөвшилцөл явагдаж байсан.
Хамгийн гол нь Н.Багабанди зөвшөөрөх юм байна гэдэгт бид итгэл төгс байсан. С.Зориг агсан ч өөрөө итгэлтэй болчихсон байсан.
Харин саад болж байсан зүйл нь тэр үеийн Ардчилсан холбоо эвслийн ерөнхий зөвлөл. Дотроо томоохон бүлэглэлүүд зөвшөөрөхгүй унагана гэсэн яриа их байсан. Тэгэхээр Ерөнхийлөгчтэй тулж ажиллахын өмнө эвсэл доторх фракциудыг зохицуулах ажил чухал байсан. Энэ ажлыг С.Зориг агсан өөрөө гардан хийж, тэр үеийн фракциудын нөлөө бүхий хүмүүстэй нэг бүрчлэн уулзаж, зөвшилцөл явагдаж байсан.
Гол нь энэ бүхэн нэлээд урагшилчихсан, фракциуд ч түүнийг дэмжихээс өөр арга алга гэдэг байр суурьт хүрсэн учраас энэ шийдвэрийг зөвхөн албажуулах л үлдэж байсан. Өөрөөр хэлбэл, Ардчилсан холбоо эвслийн ерөнхий зөвлөл хуралдаж, С.Зоригийг дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж, гар өргөх ийм л үйл явц дутуу байсан. Нэг буруу ойлголт яваад байдаг нь маргааш нь шууд Ерөнхий сайд болчих байсан юм шиг ярьж, бичээд байдаг. Тийм биш. Зөвлөл хуралдаж, С.Зоригийг нэр дэвшүүлсэн бичгээ Ерөнхийлөгчид өргөн барих байсан юм.
– С.Зориг агсан амь насаа алдсаныг Ш.Отгонбилэг агсантай холбодог нь ямар учир холбогдолтой юм бол?
-Хэвлэлээс харахад нэлээд хүчтэй шидсэн вээрс бол баригдсан этгээдүүд нь Эрдэнэтийн гаралтай, ямар нэгэн байдлаар талийгаач Ш.Отгонбилэгтэй холбоотой гэх мэт мэдээлэл. Ерөнхийдөө Ш.Отгонбилэгийг С.Зоригтой зөрчилд орж, санаатай, санамсаргүй хүн явуулж ийм юм болчихсон гэсэн таамаг тэнүүчлээд байна. Үүнд өөрийн дүгнэлтийг хэлэхэд, нэгдүгээрт нэг нюансыг ойлгох ёстой.
Тэгэхэд Д.Одхүүг “Эрдэнэт”-ийн даргаар тавьж, хаалгыг нь эвдэж орж байсан үе. С.Зоригт энэ асуудал падлий ч байгаагүй. Харин Ерөнхий сайд болчихсон байсан бол өөр хэрэг л дээ.
-Ерөнхийлөгч Н.Багабандиас “Чамайг Ерөнхий сайд болгоё. Чи Ш.Отгонбилэгийг эргүүлж тавь” гэсэн гэж хэвлэлүүд бичдэг дээ?
-Тэр бас учир дутагдалтай асуудал. Түрүүн би хэлсэн, шийдвэр нь Ардчилсан холбоо, эвслийнхээ төвшинд албажаагүй байсан. Ийм нөхцөлд Н.Багабанди гуай юм уу, Тамгын газрын дарга С.Баяр нь урьдчилаад С.Зоригт тийм санал хэзээ ч тавихгүй. Яагаад гэвэл, тэд хашир улстөрчид. Эвслээсээ нэр чинь ороод ирвэл дэмжиж болох юм гэсэн төвшний л яриа байсан. Магадгүй, эвслийн удирдах зөвлөл нь хуралдаж, С.Зоригийг нэр дэвшүүлсэн тухай бичгээ ирүүлчихсэн байсан бол тийм болзлууд ярьж болох.
Тэгэхээр тэдний хооронд нарийн ширийн яриа, тохиролцоо үүсэх бол хэзээ болох байсан бэ гэвэл, зөвхөн Ардчилсан холбоо эвслээсээ олонхийн санал авч, албан ёсоор нэр дэвшний дараа л байхгүй юу. Цаашилбал, “магадгүй” гэсэн горьдлого, яриа хөөрөө байгаа нөхцөлд Ш.Отгонбилэг учир зүггүй тогооч, малчнаа явуулж тэр хүнийг нухах уу.
Тэр утгагүй асуудал. Өөрийг нь хуссан Ц.Элбэгдорж, З.Энхболд байж байхад тэр хоёрыг алгасаад С.Зоригтой тооцоо бодно гэдэг байж боломгүй. Тэр хэмжээний оюуны чадамж, потенциаль Ш.Отгонбилэг агсанд эрхбиш байсан байлгүй дээ. Тэгэхээр гүйлгээд байгаа энэ вээрс, таамгууд бол жирийн логик, учир холбогдлын ухаанаар бодож, залхууралгүй ажиглаад үзэхэд ямар ч үндэсгүй зүйлүүд.
-С.Зориг агсныг хувь хүн талаас та хэр сайн мэдэх вэ?
-Хөөрхий дээ, түүн шиг хорхойд гэмгүй хүн байгаагүй. Би түүнийг багаас нь мэднэ. Манай эгчтэй нэг сургууль, нэг ангийн хоёр байлаа. Хүмүүжил, боловсролын хувьд өөртөө айхтар заналтай өстөн дайсан бий болгох хүн биш.
Аливаад зөвшилцлийг олж чаддаг, эрмэлздэг, нөхдөдөө тусархуу, найрсаг, хүн чанартай байлаа. Түүнд хувийн өс хонзонтон баймгүй. Гэхдээ мэдэхгүй юм даа. Мань хүн шударга зангаасаа болоод улс төрийн үүдлээр хэн нэгний ашиг сонирхлыг ноцтой хохироосон байж болно. Өөрөө ч мэдэхгүйгээр. Цаад хүн нь улс төрийн алхам гэхээс илүү хувь хүнд өс хонзон өвөртөлсөн байхыг үгүйсгэхгүй.
-Ер нь бол улс төрийн аллага гэдгийг бол бүхий л төвшинд хүлээн зөвшөөрчихсөн. Э.Бат-Үүл гуай “Тэр үеийн МАХН / МАН/ ямар ч буруугүй” гэж мэдэгдсэн байдаг юм билээ.Тэгэхээр алуурчныг хаанаас, улс төрийн тогооны аль хавиас хайх ёстой юм бол?
-Тэр хүний улс төрийн замнал, улс төрийн намтар, үйл хэргийг, ялангуяа амь насаа алдахаас өмнөх 1990 оноос хойшх найман жилд улс төрийн халуун тогоонд болсон бүхий л үйл явдлыг нэлээн сайн санаж, шүүрдээд үзэхэд дээр хэлсэн логикоос, тухайлбал тэр хүн Ерөнхий сайд болоход хамгийн гол саад тотгор юу байсан бэ.
Ямар тогоонд чанагдаж байсан билээ тэр сектороос буюу тухайн үеийн Ардчилсан холбоо эвслийн хүрээллээс хайх нь магадлал нь илүү өндөр юм даа. Гарцаагүй тийм байгаа. Үнэхээр санамсаргүй золгүй тохиолдлоор гэх юм уу, санаандгүй хоёр гай гэнэт гарч ирээд амь насанд нь хүрээгүй л юм бол тийм л байгаа. Ардчилсан холбоо эвсэл, түүнтэй холбогдож байсан бизнес бүлэглэлүүд үүний сонирхол дунд, тэр огтлолцол дээр л гарах байх. Тийм учраас хэрэг яагаад илрэхгүй, яагаад удаашраад байна вэ.
Өнөөг хүртэл хавтаст хэрэгт авагдсан баримт бүрэн бүтэн байна уу, үгүй юу гэдэгт эргэлзэж явдаг даа. Улс төрийн аллага илэрлээ гэхэд нийгэм, улс төрийн маш том үр дагавартай байдаг. Захиалагч хэн, ямар бүлэглэл байв гэдгээс эхлээд улс төрийн тогтсон орчноо эвддэг учраас ерөнхийдөө хэргийг илрүүлэхгүй байх, илрэхгүй байгаасай гэдэг тодорхой сонирхол бүрдсэн шиг байгаа юм. Яагаад гэвэл, аллагын дараа Ардчилсан холбоо эвсэл дотор бий болсон тэр үеийн ойлголтоор тойрон хүрээлэл, бүлэглэл, одоогийнхоор бол фракциуд бүгд бие биеэ хардсан шүү дээ. Хэрэг илрэхгүй удах тусам хардлага нь улам лавширсан. 2000 оноос хойш Ардчилсан нам нэгдсэж одоогийн АН бүрэлдсэний дараа нэг тийм нэгдмэл ойлголт бий болсон шиг байгаа юм. Тэр нь энэ хэрэг үнэнээрээ илэрвэл, гай болж манайхан чирэгдэх байх.
Манай дундаас гарах юм бол нэгдмэл АН-ын хувьд маш том аюул занал юм байна гэдгийг ухаарч эхлэхгүй юу. Ингээд ямар нэгэн байдлаар хэргийн илрүүлэлтийг саатуулах, зогсоох, УИХ-д байсан ажлын хэсгийг татан буулгах гэхчлэн алхмуудыг хийж эхэлсэн. Тэр нь бараг өнөөдрийг хүртэл үргэлжлээд, одоо бол дараагийн шатандаа орж байх шиг байна л даа, гарч буй мэдээлэл, явагдаад байгаа үйлдлүүдийг харж байхад.
Эхлээд нэг нэгэнтэйгээ алалцаж байсан, дараагийн шийдэл нь илрүүлэх гэж яарах хэрэггүй юм байна гэдэгт хүрч, тэгээд дараагийн алхам нь нотлох баримтгүй 17-18 жил болсон хэргийг эргээд өрсөлдөгч нам, тэдний зүтгэлтнүүд рүү ямар нэг байдлаар тохох, хардуулахад чиглэж байгаа байхгүй юу. Энэ бүхэн дүн шинжилгээ хийхэд маш чухал юм.
– Тэгвэл 1998 онд байсан улс төрийн тэр нөхцөл байдлыг Монголын улс төрд одоо өрнөж буй үйл явдалтай харьцуулахад ямар дүгнэлт хийж болохоор байна?
– Монголын улс төрд зөвхөн өнөөдөр ч биш сүүлийн 5-6 жил өрнөж буй үйл явдлыг 1998 оны үйл явдалтай харьцуулахад маш сонин дүр зураг харагддаг. Жишээ нь, С.Зоригийн амь насанд хүрсэн аймшигт аллага, тэр үеийн улс төрийн орчин, өнөөдөр Н.Энхбаяр гэдэг хүнийг хэрхэн шахаж улс төрийн тавцангаас зайлуулах гэж буй улс төрийн оролдлогууд цаад улс төрийн агуулгаараа, арга барилаараа ижил төстэй зүйлүүд харагдаж байна.
Үүнийг шууд утгаар ойлгоод, Н.Энхбаяр гуай алуулах гэж байна гэж болохгүй. Арга нь 1998 оныхоос нарийссан байна. Үнэхээр С.Зоригийг Ерөнхий сайд болгохгүйн тулд улс төрийн аллага үйлдэгдсэн, өрсөлдөгчөө биечлэн устгасан гэж үзвэл өнөөдөр улстөрчийг өөрийн биеэр нь биш амьдаар нь тамлаж, элдэвлэж, шар махыг нь цайтал үзэж, хатгаж улс төрийн тавцангаас зайлуулж байна шүү дээ.
Тэгэхээр арга барилын хувьд хамаагүй нарийссан байгаа биз. Мэдээж гарз хохирлын хувьд хүний амь нас аймшигтай, нөхөж баршгүй. Мөн өнөөдрийн нөхцөлд хууль хяналтын байгууллагыг хэрхэн ашиглаж байгаа нь айдас төрөхөөр байгаа. Олон гомдол байдаг даа, Тагнуулын газрын авирлаж буй байдал, хүмүүсийг барьж авч, шалгаж байгаа, зохисгүй авир гаргаж буй явдлын талаар.
АТГ-ын тухайд эрээ цээрээ алдсан байдалд олон нийт үнэлэлт, дүгнэлтээ өгч байгаа.
АТГ-ын тухайд эрээ цээрээ алдсан байдалд олон нийт үнэлэлт, дүгнэлтээ өгч байгаа. Ер нь бол АТГ, Тагнуулын газрын цус ойртсон гэж би үздэг. Яагаад гэвэл, хоёр огт өөр фунцтэй байгууллагын удирдлагууд нь байнга солигдож байдаг. АТГ-ын дарга байсан хүн Тагнуулын газрын болж байх жишээтэй. Эсвэл эсэргээрээ Тагнуулын дарга юм уу, дэд дарга байсан хүн АТГ руу очдог. 2012 оноос хойш бид ийм л жүжиг үзлээ. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болсноос хойш тувт ийм юм болж ирлээ.
АТГ, Тагнуулын газрын дарга нар нь буйраа сэлгээд явж байдаг, цус нь ойртоод холилдчихсон. Гаргаж байгаа авир ааш нь ч адилхан. АТГ гэхэд л хэн дуртайгаа баривчилж, төрийн ажилд эрээ цээргүй оролцож байна. Сүүлдээ арга бараад албан тушаалын томилгоонд хүртэл АТГ оролцдог болчихжээ. Энэ ямар хууль, дүрэм гээч вэ. АТГ-аас бичиг авчирч байж төрийн албанд очих юм гэнэ. Үүнийгээ зөвлөмж гэж яриад байгаа. Жишээ нь, аль нэг эмнэлгийн даргаар томилогдоход яам нь чи болохгүй юм байна, АТГ-аас асуусан гэх бололтой. Монгол Улсын Үндсэн хуулиар хүний гэм буруутайг зөвхөн шүүх л тогтоодог.
Тэгвэл ийм эрээ цээргүй явдал дээрх хоёр байгууллагад түгээмэл болсон нь олон хүнд тодорхой байгаа учраас УИХ-аас тусгайлан ажлын хэсэг гаргаж, АТГ, Тагнуулын газрын үйл ажиллагааг шалгах ёстой гэж бодож байна. Шалгалтын үр дүнгээ хаалттай хэлэлцдэг юм байгаа биз.
Хамгийн гол нь айлгадаг, дарамталдаг, төрийн томилгоог заадаг, эсвэл тэр алуурчин, тэр биш гээд, эсвэл заавал үүнийг хүлээн зөвшөөр гээд хүнийг барьж хорьдог хачин үйл ажиллагаа явуулаад байна шүү дээ. 1998 онд УИХ ажлын хэсэг гаргаж Тагнуулын ерөнхий газрыг шалгаж байсан жишиг бий. С.Зориг агсан тэр ажлын хэсэгт орж байсан юм. Өнөөдөр УИХ-д шударга гишүүд байдаг бол, ёс суртахуун байгаа бол, үүнд өөрсдийн санал санаачилгыг гаргаасай.
0 cэтгэгдэлтэй