Эрдэнэс тавантолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ар гэрээс мэдээлэл хийлээ.
Эгч Б.Нарантуяа: Бид 2023 оны арванхоёрдугаар сарын 5-нд буюу өчигдөр “Нүүрсний сонсгол”-д Б.Ганхуягийг оролцуулах саналыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт болон ажлын хэсэгт хүргүүлсэн. Өчигдөр “Нүүрсний сонсгол”-д оролцуулах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Энэ ямар учиртайг тодруулахаар өмгөөлөгчид нь явж байгаа. Монгол Улсад гэм буруутай нь тогтоогдоогүй байхад ямар ч хүн эрүүл мэндээ хамгаалах, эмнэлгийн үйлчилгээ авах, эрүүл амьд явах бүрэн эрхтэй гэж боддог. Гэтэл 2022 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс хойш урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Б.Ганхуягийн биеийн байдал есдүгээр сарын 25-наас огцом муудсан. Урьд нь биед нь даралт унах гэх мэтээр янз бүрийн зүйлүүд илэрч байгаагүй. Эхнэр болон гэр бүлийнхэн нь 461 дүгээр хорих ангид долоо хоног бүр эргэлтээр очиж уулздаг байсан. Бидний бодлоор есдүгээр 12-ны өдрийн шүүх хурлаар Б.Ганхуяг нэлээд ноцтой мэдээллүүдийг хийсэн. Тэгээд ар гэр, гэр бүлийг минь, намайг ямар нэгэн байдлаар хамгаалалт аваач гэж хүссэн. Гэр бүлд минь ямар нэгэн эрсдэл байхгүй бол би бүх үнэн бодит мэдээллийг шүүхийн танхимд хэлье гэж хүссэн. Гэвч прокурор болон бусад байгууллагаас боломжгүй гэсэн хариуг өгсөн. Ингээд есдүгээр сарын 23-нд даралт нь огцом унаж, толгойн ар хэсгээр маш хүчтэй өвдөлт өгсөн. Маш их хэмжээгээр бөөлжсөн, суулгасан. Ийм байдлаар биеийн байдал нь гэнэт муудсан. Энэ үед гэр бүлийн зүгээс хорих 461 дүгээр ангийн эмч, эмнэлгийн байгууллага, ШШГЕГ болон холбогдох байгууллагуудад биеийнх нь эрүүл мэндийн байдлын талаар тодорхой мэдээлэл өгөөч гэдэг хүсэлтийг өмгөөлөгчөөр нь дамжуулж явуулсан. Ингээд 25-ны өдөр өмгөөлөгч нь очиж уулзаж биеийн байдлыг нь мэдсэн. Тус өдрийн үдээс хойш эмнэлгийн байгууллагад хэвтүүлэх хүсэлт гаргаж эмнэлэгт хэвтүүлсэн. Ар гэрийн зүгээс эмчлэгч эмчтэй нь уулзахад биеийн байдал нь одоогоор тогтворжиж эхэлж байна гэсэн хариуг өгсөн. Бид дараа дараачийн арга хэмжээг авахуулахаар өмгөөлөгчөөр нь дамжуулж нарийн мэргэжлийн шинжилгээнд хамруулж өгөөч, биеийн байдлын талаарх тодорхой мэдээллүүдийг үнэн зөвөөр явуулаач гэсэн хүсэлтүүдийг удаа дараа байнга өгсөөр байсан. Гэвч хүсэлт өгөх болгонд биеийн байдал тогтвортой, ямар нэгэн эмгэг зовиур байхгүй гэсэн хариултуудыг өгч байсан. Аравдугаар сарын 10-нд бид ШШГЕГ-т хандсан. Б.Ганхуягийн хөлөн дээр маш их хэмжээний шарх үүссэн байна. Энэ нь эмчлэгдэх боломжтой юу. 461 дүгээр хорих ангийн эмнэлэг ямар шатлалын эмнэлэгт хамаарагддаг вэ. Биед гарсан шарх, өөрчлөлтүүдэд тодорхой хэмжээний нарийн шинжилгээ хийгдэх ёстой. Арьс өнгөний эмнэлэгт үзүүлж, оношлуулаад, шинжлүүлж өгөөч гэхэд мөн биеийн байдал хэвийн, биед үзлэг хийсэн. Үзлэгээр ил гарсан шарх байхгүй гэсэн. Бидний гомдолтой байгаа зүйл тухайн үед биед нь ил шарх байхад яагаад байхгүй, хэвийн гэж үзэв. Өнөөдөр ямар ч хүн зүгээр л харахад тэр шарх нь нүдэн дээр ил байгаа. Шарх нь үрэвсээд цаашаа цусанд орох магадлалтай. Хоол идсэний дараа дотор нь байнга муухайрах, биеийн байдал нь тогтворгүй болсон учраас нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэе гэж удаа дараа хүсэлт тавьсан. Ингээд арваннэгдүгээр сарын 21-нд Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Тэдний хамгаалалт дор хэвтэн эмчлүүлсэн. Тус эмнэлэг ар гэрийн хүсэлтээр үс, цус, шээсэнд хүнд металийн хордлого илрүүлэх нарийн мэргэжлийн шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу арваннэгдүгээр сарын 30-нд өмгөөлөгчөөр нь дамжуулж бидэнд ирсэн. Энэ шинжилгээгээр хүний биед байх хүнд металийн хэмжээгээр хэд хэдэн нарийн шинжилгээ авсан. Үүн дээр хагийн өндөр тунтай гарсан нь цусанд хүнцэл гэдэг бодис илэрсэн. Хүнцэл нь 9.29 буюу хүний биед байх хэмжээнээс 9200 дахин их. Мөн хар тугалга байх ёстой хэмжээнээс бага зэрэг ихэссэн. Энэ нь үс, цус, шээсэнд илэрсэн. Өчигдөр дахин шинжилгээ авсан. Хариу нь одоогоор ирээгүй. Энэ хор хүний биеэс ийм их хэмжээгээр илэрнэ гэдэг нь хүнийг санаатайгаар хордуулах гэсэн, санаатайгаар хүн алах гэмт хэрэг гэж гэр бүлийн зүгээс үзэж байна. Хүн амьд явах, эрүүл байх эрхгүй болчихсон юмуу. Өнөөдөр үнэхээр санаа зовж, харамсаж байна. Энэ хүний бие байнга дордож байна. ХЭҮК-т бид хүсэлт тавьсан. Очиж уулзсан эсэхийг бид мэдэхгүй. Гэтэл Б.Ганхуягийн эрх зөрчигдөөгүй гэсэн. Бид удаа дараа түүний эрүүл мэндийн асуудлаар хандсан. Гэтэл эмч нар нь битгий баашлаад бай, ийм зүйл угаасаа байдаг гэх мэтээр хандах нь эмч хүний ёс зүйд нийцэх үү. Бид энэ хүнийг эмчлүүлэх, хордлогыг хурдан тайлуулах хүсэлтийг өгсөн.
Б.Ганхуягийн хүргэн ах Д.Пүрэвдорж: Бид худлаа яриагүй. Бид Монгол Улсын хор судлалын лабораторийн тайланг үндэслэн үүнийг ярьж байгаа юм. Улсын хэмжээнд хор судлалын ганц л лаборатори байдаг юм байна. Шүүх шинжилгээний хүрээлэн ч хор судлалын лабораторигүй юм байна. Эмнэлгүүдэд ч алга. Үүнд бид итгэхээс ч аргагүй. Энэ хүний хордуулчихсан байна. Ийм өндөр тунгаар хүнцэл илэрлээ. Мөн эмчилж байгаа эмнэлгээс нь ирсэн эмнэлгийн магадлагаа байна. Хүний биед байх хэмжээнээс 9200 дахин их хэмжээгээр хүнцэл илэрсэн. Энэ нь нойр булчирхай, чөмгөөр дамжаад дотор таван цул эрхтэнийг маш хүндээр гэмтээнэ. Бөөрний дутагдалд маш түргэн ордог гэсэн эмчийн тодорхойлолт байна. Мэргэжлийн байгууллага нь дүн шинжилгээгээ гаргаад өглөө. Одоо энэ хүний хорыг тайлаад өг л дөө. Чаддаг газар нь аваачаад эмчлээд өг л дөө. Бидний хүсээд байгаа зүйл энэ л байна. Хоёрдугаарт, хүнийг санаатайгаар алах гэсэн үйлдэл гэж гэр бүлийн зүгээс харж байна. Цагдаагийн ерөнхий газарт бид өчигдөр өмгөөлөгчөөр нь дамжуулж гомдол гаргасан. Ард нь хэн байгааг олж тогтоогоод өгөөч. Цаана нь хэн байгаа вэ. Яагаад энэ хүний хордуулаад байна вэ. Гуравдугаарт, Б.Ганхуягийг яагаад сонсголд оруулахгүй байгаа юм бэ. Б.Ганхуяг цаасан дээрх төсөл байхаас нь эхлүүлж ажилласан. Гүйцэтгэх захирал болтлоо ажиллалаа. Энэ байгууллагад болж буй бүх зүйлийг Б.Ганхуяг мэднэ. Яагаад түүнийг сонсголд оролцуулахгүй байна вэ.
0 cэтгэгдэлтэй