Т.Оюунчимэг: Хэн дуртай нь хөрсний бохирдол үүсгэчхээд 50,000 төгрөгөөр торгуулаад өнгөрөх тогтолцоотой байна

timelive.mn 2023-12-8

 

Дэлхийн хөрсний өдрийг тохиолдуулан “Хотжилт ба хүрээлэн буй орчин-2023” нэгдсэн арга хэмжээ Монгол Улсын Их Сургуульд өнөөдөр зохион байгуулагдав.

Хөрсний бохирдлыг бууруулахын тулд тухайн газрыг өмчлөгч, эзэмшигчдийг хариуцлагажуулахаас эхэлнэ. Манай улсад энэ төрлийн тогтолцоо маш сул.

Өөрөөр хэлбэл хөрсийг бохирдуулж, доройтуулсан бол хүнийг 50,000 төгрөг, хуулийн этгээдийг 500,000 төгрөгөөр торгохоор Зөрчлийн тухай хуульд заасан байдгийг Хөдөө Аж Ахуйн Их Сургууль(ХААИС)-ийн профессор Т.Оюунчимэг хэлж байлаа.

“Сул хөрсөн дээр машин зогсоож дугуй сольдог газруудад хүнд металлын агууламж их байна”

Мөн тэрбээр “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын судалгааны үр дүнгээс харвал

  • хоёр хувь нь маш их бохирдолтой
  • 33 хувь нь бохирдолгүй
  • 23 хувь нь дунджаас их бохирдолтой гарсан.

Хөрсний хүнд металлын бохирдлууд төвлөрсөн хогийн цэгүүд, түүхий эд хүлээж авдаг байршлууд болон машин засварын газруудад хамгийн их байлаа.

Тухайлбал 3, 4 дүгээр цахилгаан станцын хөрсөнд, дугуй засварын газруудад хүнд металлын хэмжээ өндөр байв. 

Урд талд нь хатуу хучилтгүй, сул хөрсөн дээр зогсоож дугуй сольдог байршлуудын хөрсөнд хүнд металлууд буюу хүнцэл, хар тугалга, кадми гэх хор аюултай металлуудын агууламж өндөр гарсан” хэмээв.

“Хүнд металлуудаар сонгомол хооллолттой ургамал тарьж, судалсан”

Мөн “Миний хувьд хөрсний бохирдлын чиглэлээр судалгаа хийхдээ дараах хоёр зүйл дээр ажиллалаа.

Цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр гардаг лагийн талбай, хог хаягдлын төвлөрсөн цэгүүдэд хүнд металлуудаар сонгомол хооллолттой ургамлуудыг тарьж, судалсан.

Тодруулбал анх тарих үед хөрс ямар байсан, тарьсны дараа тухайн хүнд металлууд ургамлын эд эрхтний алинд нь илүү шингэж байна вэ гэдийг судлаачид хамтран гүйцэтгэсэн байдаг” гэлээ.

“Хүний удмын генийн санд нөлөөлж, мөхөлд хүргэх аюултай”

Үргэлжлүүлэн “Хамгийн гол нь хөрс гэх байгалийн нөөцийн эрх ашгийг хамгаалсан хууль эрх зүйн зохицуулалт сул байна.

Хэн дуртай нь хөрсний бохирдол үүсгэчхээд 50,000 төгрөгөөр торгуулаад өнгөрөх тогтолцоо үйлчилж байна. Ийм зүйл байж болохгүй.

Хэдийгээр бидний одоо амьдарч байгаа газар бохирдолгүй байсан ч дам байдлаар нөлөөлсөөр байгаа. Бохирдолтой газрын хөрсөн дээр ургасан ургамлыг мал амьтан иддэг. Улмаар тухайн мал амьтны мах бидний хүнс тэжээл болж байна.

Нэг газраас нөгөө рүү бохирдлууд зөөвөрлөгддөг гэсэн үг. Хөрсний бохирдол бусад эрүүл газар руу зөөвөрлөгдөж бидний эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөж байна.

Ялангуяа хүнд металлууд нь урт хугацаанд амьд организмын биед хуримтлагдаж хордуулж, улмаар мөхөлд хүргэх аюулгүй. 

Эдгээр нь хүний удмын генийн санд нөлөөлж, сөрөг нөлөөлөл үзүүлдэг учраас хүнд металлын бохирдлын асуудалд зайлшгүй анхаарах ёстой” гэдгийг ХААИС-ийн профессор Т.Оюунчимэг хэллээ.