Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх Старлинкийн анхны хиймэл дагуулуудыг хөөргөлөө

timelive.mn 2024-01-3

Тэрбумтан Илон Маскийн SpaceX компани хэдхэн цагийн өмнө АНУ-ын Калифорни дахь сансрын буудлаас Starlink үйлчилгээний багц хиймэл дагуулуудыг Falcon 9 пуужинд тээвэрлэн хөөргөлөө.

Энэ удаа нийт 21 хиймэл дагуул хөөргөсний зургаа нь direct-to-cell (DTC) технологийн анхны хиймэл дагуулууд байжээ.

Өөрөөр хэлбэл үүрэн холбооны үйлчилгээг газарт байгаа гар утасны хэрэглэгчдэд үзүүлэх боломжтой гэсэн үг юм.

SpaceX компанийн мэдэгдэлд DTC хиймэл дагуулуудыг тойрог замд нэмснээр “дэлхий даяар үүрэн холбооны операторуудад мессэж, дуудлага, интернэтийн үйлчилгээгээ хуурай газарт, усан дээр гээд хаа сайгүй үзүүлэх боломж олгох юм” гэжээ.

зураг

 

2022 оны наймдугаар сард Илон Маск нэгэн арга хэмжээний үеэр энэ технологийн талаар анх танилцуулж байсан юм.

“Энэ бол үнэхээр том дэвшил. Хүчтэй хар салхи, үер, гал түймэр, газар хөдлөлтийн улмаас бүхэл бүтэн бүс нутаг, улс орны хэмжээнд холбоо тасарч, үүрэн холбооны бүх станцууд ажиллагаагүй болсон ч таны гар утас ажилласаар байх болно” гэж тэр тайлбарлаж байв.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр SpaceX компани ойрын зургаан сарын хугацаанд дэлхийн тойрог замд 840 ширхэг DTC хиймэл дагуул байрлуулах юм байна.

SpaceX компанитай хамгийн эхэнд хамтран ажиллах үүрэн холбооны оператор нь АНУ-ын T-Mobile болох юм.

Тус компанийн гүйцэтгэх захирал Майк Стиверт 2022 оны арга хэмжээний үеэр ярихдаа “Ингэснээр бид улс орны өнцөг булан бүрд үйлчилгээгээ хүргэх боломжтой болно. Хэрвээ танд тэнгэр харагдаж л байвал сүлжээнд холбогдсон гэж ойлгодог болно. Таны гар утас сансрын хиймэл дагуултай холбогдож байгаагаа мэдэхгүй. Эхлээд гар утас тань өөрийн сүлжээг хайх болно. Бас роуминг холболттой бусад операторуудын сүлжээг хайна. Хэрвээ эдгээрийн аль нь ч амжилтгүй болбол хиймэл дагуултай холбогдоно. Гэхдээ гар утас өөрийгөө үүрэн холбооны станцтай холбогдсон гэж ойлгоно. Учир нь энэ технологи үүрэн холбооны бүх стандарт протокол, долгионы зурвасыг ашигладаг юм. Өнөөдөр ашиглагдаж буй ихэнх гар утас ингэж ажиллана” гэж тайлбарлаж байжээ.

 

Эх сурвалж: Space Flight Now