“Бүсчилсэн хөгжлийн форум-2024” зохион байгуулах талаар Засгийн газар, Монголын Эдийн засгийн форумын ажлын хэсгээс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
2024 оны хоёрдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд өвлийн эдийн засгийн форумыг “Бүсчилсэн хөгжил” сэдвээр зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат “2024 онд УИХ-ын сонгууль 21 аймаг, долоон тойрогт явагдана. Монгол Улс цаашдаа хөгжлийн зургаан бүсчлэлтэй болох нь зүйтэй байна.
Энэ жилд сонгуульд нэр дэвшигчид бүс рүү чиглэсэн мөрийн хөтөлбөртэй байх, парламентад сонгогдсон гишүүд аль нэг аймгийнх биш бүсийн бодлогыг барьж төсөв батлах, шийдвэрийг гаргах агуулга руу шилжинэ.
Бүсүүд хөгжлийн бодлогоо тодорхой болгож, түүнийгээ төрийн бодлого шийдвэрт бодитой тусгах үндсэн суурь өнгөрсөн арванхоёрдугаар сард батлагдсан зургаан бүсийн дүр зургаар бүтэн гарч ирлээ.
Өнгөрсөн нэг сарын хугацаанд ЭЗХЯ-нд бүс нутгууд яаж хөгжих тухай судалгаа, тооцооллууд гарсан.
Зүүн бүс: Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг. Ойролцоогоор 300,000 хүн амтай гурван аймаг нийлүүлсэн бүс.
Говийн бүс: Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр
Баруун бүс: Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий.
Төвийн бүс: Сэлэнгэ, Дархан-Уул, Төв.
Хойд бүс: Орхон, Булган, Хөвсгөл.
Хангайн бүс: Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймаг орж байна.
Эдгээр зургаан бүсэд нарийвчилсан төлөвлөгөө гаргаж байгаа юм. Энэ бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тойрог зам хаагуур явах зэргээр бүс нутгийн онцлогт тохируулаад бодлогыг томоор нь харах нөхцөл бүрдэж байна.
Зургаан тусдаа бодлогын төлөвлөгөө бэлэн болж, Засгийн газар, МЭФ хамтран 2024 оны хоёрдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд өвлийн эдийн засгийн форумыг “Бүсчилсэн хөгжил” сэдвээр зохион байгуулна” гэв.
ЭЗХЯ-ны Бүс орон нутгийн хөгжлийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр “Засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих болгон зарлаж байгаа.
Бүсчилсэн хөгжлийн өмнөх үзэл баримтлал нь олон төрлийн нөөцийг нэг бүсэд багтаасан буюу босоо бүсчлэлтэй байсан нь эдийн засгийн коридор бий болгох, эрчим хүчний эх үүсвэрүүдийг холбоход хувь нэмрээ оруулсан. Уг бодлого батлагдсанаас хойш 23 жил өнгөрлөө. Энэ хугацаанд Бүсчилсэн хөгжлийн чиглэлийн олон улсын чиг хандлага өөр болж байгаа. Өөрөөр хэлбэл говийн бүсийг дагасан уул уурхай, хүнд үйлдвэрийг дэмжсэн, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалан, соёлын аж үйлдвэрийг дэмжсэн ялгаатай бодлогуудыг тухайн бүсэд авч хэрэгжүүлэх шаардлагатай болж байна.
Монгол Улс энэ тогтолцоо руу шилжиж, бүсүүдээ ялган, нөөцөд нь таарсан бодлогыг улс орон даяар зохион байгуулах шийдвэр гарсан байгаа.
2001 оны Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд “Мянганы зам” гэдэг төсөл гарч ирсэн. Төслийн дагуу 21 аймаг хатуу хучилттай замаар холбогдоод дуусаж байна. Уг төслийн хэвтээ тэнхлэгийн жоохон хэсэг үлдсэн, удахгүй шийдэгдэнэ. Дэд бүтцийн хэрэгжилт сайтай байсан гэж хэлж болно.
21 аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд аймгийн хэмжээний төсвийн хөрөнгө оруулалт хэлэлцдэг. Өөрөөр хэлбэл нэг аймгийн сургуулийн цонх, дээврийн засвар зэрэг хэт жижиг хөрөнгө оруулалтыг улсын төсөв дээр ярьдаг.
Манай улсыг бусад улстай харьцуулбал улсын төсвийн хөрөнгө оруулалтын орон зайн хуваарилалт өндөр.
Бүсийн тогтолцоонд шилжсэнээр улсын төсвийн хөрөнгө оруулалтад хийгдэж буй гол өөрчлөлт нь хувийн хэвшлийн хөгжлийг дэмжихэд чиглэнэ. Ингэснээр орон нутагт үйлдвэр үйлчилгээ, хувийн байгууллага шилжин суурьших таатай орон зайг бий болгоно. Энэ үед орон нутагт ажилгүйдэл, ядуурал буурч, хөдөлмөр эрхлэлт дээшилнэ гэж харж байгаа.
Аймгуудын түүхий эд бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын зах зээлд хүргэх анхан шатны тээвэр ложистикийн төв, худалдаа үйлчилгээний цогцолбор, үйлдвэр, технологийн парк, чөлөөт бүсүүдийг орон нутгуудад оновчтой байгуулах юм.
Орон нутагт байгаа мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн зөвлөл тухайн бүс орон нутагт ямар хөрөнгө оруулалт шаардлагатайг хэлэлцээд, саналаа ЭЗХЯ-нд хүргүүлдэг тогтолцоонд шилжүүлэх санал гаргаж байгаа юм. Хувийн хэвшлийн хэрэгцээ шаардлагыг сонсож байгаад түүнд нь тохирсон хөрөнгө оруулалтыг орон нутагт хуваарилах өөрчлөлтийг Бүсчилсэн хөгжлийн шинэчилж буй үзэл баримтлалын төсөлд тусгасан.
Аль нэг аймаг бусдаасаа илүү гараад төв болох төлөвлөлт хийхгүй. Аймаг бүрд нөөц, онцлог, байршлын давуу тал бий. Тиймээс аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг эдгээрт тулгуурлан гаргаж, хөрөнгө оруулалтыг улсын төсөв дээр хэлэлцдэг болох юм. Аймаг болгон тухайн нөөцөөрөө улсдаа давуу талтай болно” гэдгийг хэллээ.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал нь маргаан дагуулдаг, шинжлэх ухааны суурь судалгаа шаарддаг ажил. Олон салбарын төслүүдийг орон зайд байршуулах тухай ярьдаг учраас эрдэмтдийн саналыг авах хэрэгтэй байдаг.
2001 онд баталсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гурван парламент дамжуулж, 120 орчим эрдэмтэн ажиллаж, батлуулсан түүхтэй.
Энэ удаагийн Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд эдгээр эрдэмтдийн төлөөллүүд оролцож байгааг тодотголоо.
МЭФ-ын нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг “Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын дагуу сонгуулийг томсгосон тойргоор явуулахаар болж байна. Жишээлбэл Говь-Алтайн иргэн Увсад нэр дэвшсэн хүний төлөө сонголтоо хийх нь байна.
Сонгуульд нэр дэвшиж байгаа хүн бүсээ хэрхэн хөгжүүлэх талаар мөрийн хөтөлбөртөө тусгана. Сонгогдоод гарсан гишүүн баруун бүсэд хоёр аймгийг хооронд нь авто замаар холбох асуудлыг ярих нь. Бүсчилсэн буюу том тойрогтой болсноор хувийн хэвшлийг дэмжсэн асуудлыг орон нутагт бий болгоход УИХ-аар хэлэлцэх боломж шинэ батлагдсан тойргийн хүрээнд бий болж байна.
Тухайн бүсэд уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал, эрчимжсэн мал аж ахуй, оюутнаа сургах зэрэг асуудлыг бүсчлэн зохицуулдаг болно.
Улаанбаатар хотод ложистикийн худалдааны төвүүд байдаг байсан бол орон нутагт байгуулна. Зах зээлийн урсгал орон нутаг руу чиглээд ирэхээр хотын хүн амын төвлөрөл багасаж, бүсүүд рүү чиглэнэ гэж бодож байна” хэмээн ярилаа.
0 cэтгэгдэлтэй