2024 оны тавдугаар сард Nas Summit хийнэ. Энэ жил наймдугаар сард хийсэн, нэг тэрбум орчим төгрөг зарцуулсан

timelive.mn 2023-11-1

 

Өвлийн аялал жуулчлалтай холбоотой мэдээллийг салбарын сайд өглөө.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “2023 оны аравдугаар сарын 18-нд БНХАУ-тай хил орчмын аялал жуулчлалын хэлэлцээрийг албан ёсоор байгууллаа. Ингэснээр аялал жуулчлалын томоохон урсгал орж ирнэ гэдэг тооцоо төлөвлөгөөтэй байна.

Аравдугаар сард Их цайны зам буюу Монгол, БНХАУ, ОХУ-ын хамтарсан торгоны замыг буцаан сэргээх ажлууд хэлэлцээрийн түвшинд амжилттай хийгдлээ.

11 дүгээр сард өвлийн аялал жуулчлалыг, 2024 оны хоёрдугаар сард цагаан сарыг сурталчлах инфлүэнсерүүдийн баг ирэхээр бэлтгэгдэж байна. 2023-2024 онд нийт зургаан удаагийн багийг авчрахаар төлөвлөж байгаа.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын талаарх мэдээлэл дэлхийн 500 орчим сая хүнд хүрч, 2019 онд ирсэн жуулчдын тоог давсан үзүүлэлтэд хүрлээ.

Засгийн газрын хурлаас олон улсын болон дотоодын нислэгийн тоог хэвээр хадгалах, өвлийн аялал жуулчлалд бэлэн байгаа 7,639 орны хүчин чадал бүхий 111 баазыг шинэчлэхэд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гарч байна. Улсын төсөвт 3.1 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн.

Боршоо, Ханх, Цагааннуур боомтуудын ажиллах цагийг уртасгаж, ОХУ болон бусад улсын жуулчдыг хүлээж авах шийдвэрийг гаргалаа. Ирэх долоо хоногийн хурлаар өвлийн аялал жуулчлалтай холбоотой төлөвлөгөөг батална” хэмээн ярилаа.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад “Манай улс 6, 7, 8 дугаар сард нийт жуулчдын 40%-ийг хүлээж авдаг. Өвлийн аялал жуулчлал буюу 11, 12, 1, 2, 3 дугаар сард жуулчдын тоо маш бага байдаг. 2019 оны 11 дүгээр сард 34,000 жуулчин хүлээж авч байсан юм билээ.

2024 оны 11 дүгээр сараас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогууд гаргаж, аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг ААН, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллана.

БОАЖЯ-ны 2023 оны төсөвт аялал жуулчлалын хөтөлбөр 4.9 тэрбум төгрөг. Инфлүэнсерүүдтэй шат дараалсан байдлаар ажиллана. Жишээлбэл 2024 оны тавдугаар сард Nas Summit хийхээр төлөвлөж байгаа. Энэ жил наймдугаар сард хийсэн. Хийгдэж байгаа контент, үзэлтийн тоогоор гэрээлж ажиллаж байгаа. Одоогоор нэг тэрбум орчим төгрөгийн төсөв зарцуулсан. Одоогоор 600,000 орчим жуулчин ирсэн.

Монголбанкнаас тогтоосноор нэг жуулчин 2,000-2,048 ам.долларын орлого оруулж, тэрбум доллар буюу 3.4 их наяд төгрөг давсан хэмжээний орлогыг улсын төсөвт оруулсан тооцоолол байна.

Нислэгийн тийзийн үнэ агаарын тээврийн либералчлалтай холбоотой. Энэ жил өдөртөө 12-14 нислэгийг БНСУ-аас долоон авиа компани үйлдэж байлаа.

Бидний авсан мэдээллээр одоогийн байдлаар 140,000 солонгос жуулчин ирсэн байгаа. Ирэх жил энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ, тиймээс тийзийн үнэ тарифын багц хямдрал гаргахаар тооцоо судалгааг томоохон авиа компаниуд эхлүүлсэн байгаа юм билээ.

2023-2025 оныг Монголд зочлох жил болгосон. Энэ онд суурь ажлуудыг хийж байгаа. Нисдэг тэрэгний 33 отоглох цэгийг байгуулах сонгон шалгаруулалт зарлагдах гэж байна. Ирэх онд нэг сая жуулчинг хүлээж авах тоондоо хүргэх төлөвлөгөөтэй.

Улаанбаатар хот олон улсын жуулчдыг хүлээж авахад орны тоо хүрэхгүй байна, нийт зочид буудал 4,300 орчим ортой. Томоохон зочид буудлыг барих сууриудыг бэлдэж өгөх шаардлагатай байна” хэмээн хариуллаа.