“Өнгөрсөн 30 жил иргэнд дарамт болсон, төрд эрх олгосон хуулиуд баталж ирсэн” гэж салбарын сайд нь дүгнэв

timelive.mn 2023-11-10

“Хүний эрх 30 жилд: Ололт амжилт, тулгамдсан асуудал, гарц шийдэл” хэмээх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Хүний эрхийн мэдрэмжтэй хуулийн шинэчлэл сэдвээр илтгэл тавьсан юм.

Тэрбээр “Хүний эрхийн мэдрэмж гэдэг асуудлыг цаг хугацаатай харьцуулж харвал шинэчлэл бодитой харагдана. 30 жилийн хугацаанд бидний хүний эрхийн мэдрэмж байнга хувьсан өөрчлөгдөж байгаа.

Хүн бүр өөр өөр хэрэгцээ сонирхол, өөр өөр өнгөтэй. Эдгээрээс хүний эрх урган гардаг. Мөнгөнд дуртай, эдийн сонирхолтой хүмүүст хувийн өмчийн эрх хамгийн чухалд тооцогдоно. Харин үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх хүмүүст эд баялаг, эрх мэдлээс илүү үг, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь үнэ цэнтэй байдаг. Иймд хүний эрхийг цаг хугацаа, хүмүүсийн онцлогтой нь хамаарч ойлгож ханддаг байх ёстой. Түүнээс биш төрөөс юм уу хэн нэгнээс олгодог зүйл биш, цаг хугацааны туршид өөрчлөгдөж хувьсаж, баяжигдаж байгаа.

Мэдрэмжийг төрөөс тодорхойлж, олгодоггүй тул хуульчилдаггүй” хэмээв.

Түүнчлэн сайд Б.Энхбаяр өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүний эрхийн дайсан болсон гол хүчин зүйлсийг дараах байдлаар тодорхойллоо.

  1. Авлига – Авлига бүх боломжийг хулгайлж байна. Цэцэрлэг, сургууль, явган хүний зам, эрүүл аюулгүй орчин амьдрах боломж, үйлдвэр барих тэр бүх боломжийг хулгайлсан. Хэдэн их наяд төгрөгөөр яригдах олон асуудлын цаадах золиос нь хүний эрх.
  2. Ядуурал – Боловсролын тэгш бус байдал буюу гараанаасаа тэгш бус орчинд төрж, өссөн нийгэмд бид тэгш эрх, тэгш боломжийн тухай ярих боломжгүй гэдэг нь нотлогдсон. Иймд парламент оношоо зөв тавьж, залруулах ажлаа системтэй хийх шаардлагатай болж байна. Жан Жак Руссо “Хэн ч өөрийгөө худалдахуйц ядуу байх ёсгүй, Хэн ч бусад хүнийг худалдаж авахуйц баян байх ёсгүй” гэсэн байдаг. Үнэхээр ядуу, боломжоос гадуур байгаа хүн бол өөрийгөө бусдад худалдахад бэлэн байдаг. Баялгийн тэгш бус хуваарилалтаас аваад бусдын дээр суусан хүн өрөөлийг боол, албат, зарц гэж хараад өөрийгөө хаан гэж төсөөлдөг. Ийм нийгэмд хүний эрхийн мэдрэмжийг түгээх боломжгүй байдаг.
  3. Хууль – Сүүлийн 30 жилд хүний эрхийн гол дайсан нь хууль өөрөө байсан. Хууль нь хүний эрхээс хоцорч биш түрүүлж явдаг, ямагт хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой. Гэтэл өнгөрсөн хугацаанд хүнд дарамт болсон, төрд эрх олгосон хуулиудыг баталж иржээ. 10 жилийн өмнө Монгол Улсад 400 хууль, 1,000 журмаар нийгмийн харилцааг зохицуулдаг байв. Одоо 2,000 журам бүртгэлтэй байна, хууль оруулахгүйгээр. Журмаар нийгмийн харилцааг зохицуулдаг чиглэлд хурдтай явсан байна. Энэ бол хууль тогтоох эрх мэдлийг гүйцэтгэх эрх мэдэл булааж авах хандлага руу орсныг илтгэнэ. Ард түмний засаг төрөө удирдах, хууль тогтоох эрх мэдэл нь зөвхөн парламент дээр батлагддаг байх ёстой. Гэтэл сүүлийн 10 жилд эмх замбараагүйгээр журам баталдаг болсон. Шалтгаан нь залхуурал, зориуд санаатай үйлдэл. Хууль зузаан, дэлгэрэнгүй, ойлгомжтой, процесстой байх учиртай ч түүнд нь 30 журмыг энэ сайд, тэр дарга батална гээд заачихсан ийм л хуулиудыг үйлдвэрлэжээ. Үүнтэй холбоотойгоор гүйцэтгэх эрх мэдэл нь журам үйлдвэрлэгч, төрийн албан хаагчид журам хийгчид болсон байна. Дөрвөн хуудастай Виртуал хөрөнгийн тухай хуульд 15 журам батлах эрх олгосон хууль баталсан байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын дүгнэлтээс харвал дөрвөн жилд нэг удаа ард түмнээс сонгогддог парламент нь хууль тогтоох эрх мэдлээ Засгийн газарт аажмаар алдаж, хууль батлах процесс алдагдсан нь нотлогдож байна.