Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо болон Монголын ахмадын холбооноос өнөөдөр /2026.02.11/ мэдээлэл хийлээ.
Тус холбооны ахмадууд “Нэгдүгээр сарын 27-нд хэвлэлийн хурал хийж, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагыг төр засагт хүсэлт хүргүүлсэн. Үүний дараа сануулга өгч, сануулгын жагсаал зохион байгуулж, сонордуулах шаардлага тавьсан. Гэвч шаардлагын хариу биелэгдэхгүй байгаа тул өнөөдрөөс эхлэн тулган шаардсан арга хэмжээ авч эхэлж байна. Нэгдүгээрт, ахмадын тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Жишээлбэл, ахмадуудад баялгийн хишиг 1072 хувьцааны ногдол ашгийг олгох ёстой. Хоёрдугаарт, цэргийн тэтгэвэр, халамжийн тэтгэвэр, нийгмийн даатгалын тэтгэвэр гэсэн гурван төрөл байдаг. Цэргийн тэтгэвэр авагчдын хувьд хэд хэдэн асуудал тулгамдаж байна.
Тухайлбал, оршуулгын зардал олгодоггүй, тэтгэврийн 20 хувийг өвлүүлэх заалтыг мөрддөггүй, насны ялгавартай ханддаг зэрэг нь Үндсэн хууль зөрчсөн, иргэдийг ялгаварласан асуудал гэж үзэж байна.
Иймд уг асуудлыг Батлан хамгаалахын сайд Засгийн газрын түвшинд онцгойлон авч үзэж, шийдвэрлүүлэх шаардлагатай. Гуравдугаарт, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах шаардлагатай байна. Энэ нь боломжгүй зүйл биш.
Жишээлбэл, ЖДҮ-ийн сангаас 3 хувийн хүүтэй зээлийг 40 хүнд нийт 40 тэрбум төгрөгөөр олгосон атлаа ахмадуудад 18 хувийн хүүтэй зээл олгож байгаад гайхаж байна.
Зээлийн хугацаа уртсах тусам хүү 24 хувь хүртэл өсөж байгаа нь ахмадуудад хүндээр тусдаг. Үндсэн хуулийн 16.5-д “баталгаатай нийгмийн халамж авах эрх”-ийг заасан байдаг. Өндөр настан, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн, хүүхэд асарч буй иргэн зэрэгт мөнгөн тусламж олгоно гэж хуульчилсан. Төр засаг иргэддээ үйлчлэх үүрэгтэй бол энэхүү тусламжаа бодитоор олгож, яаралтай дэмжлэг шаардлагатай хүмүүст анхаарал хандуулах ёстой. Бид төр засгийн золиос болж байна” гэв.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны гишүүд “Өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн ахмадын тэтгэврийн доод хэмжээг 1 сая 500 мянган төгрөг болгох шаардлагыг тавьж, өнөөдрийг хүрлээ. Гэвч төр засаг одоог хүртэл бодитой хариу өгсөнгүй. Манай холбоо 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтлэг хууль ёсны эрх ашгийг хамгаалдаг байгууллага юм. Бид нийтлэг эрх ашгийн хүрээнд ахмадын тэтгэврийг 1 сая 500 мянган төгрөг болгох шаардлагыг удаа дараа тавьсан. Цаашид тэвчих боломжгүй болсон тул өнөөдрөөс эхлэн Ахмадын холбоог дэмжиж, хамтын тэмцэл хийхийг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.

-7° C
3566.27

0 cэтгэгдэлтэй