Өмнөговьд гадаадын ААН-д газар эзэмшүүлсэн зарим хэргийг АТГ энэ оны есдүгээр сард шалгаж дуусаад, прокурорт шилжүүлжээ

timelive.mn 2023-12-8

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс Үндсэн хууль зөрчиж, гадаад иргэн, хуулийн этгээдэд нийт 457 га газар эзэмшүүлсэн нь олон нийтэд ил болсон.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Хянан шалгах хорооноос Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-т хандаад байгаа юм. Энэ асуудлаар өнөөдөр АТГ-аас дараах мэдээллийг өглөө.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Э, Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж Б нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусаад 2023 есдүгээр сарын 23-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн. Прокурорын хяналтын шатанд явж байгаа” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад

  • Монгол Улсын Газрын тухай хуульд тухайн шатны Засаг дарга нь газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэсэн зохицуулалтыг зөрчсөн,
  • өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй үйлдэл тогтоогдсон байна.

Комиссар Н.Тэмүүлэн “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Э гэгч нь

  • 2020 оны наймдугаар сарын 7-ны өдрийн А225 тоот захирамжаар “Фүжибит” гэх компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй нэгж талбарын газарт 13.6 га газар хууль бусаар эзэмшүүлсэн, “Изий транспорт” гэх компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт 14.5 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн
  • 2020 оны есдүгээр сарын 29-ний өдрийн А249 дугаартай захирамжаар “Силвер титан интернэйшнл” компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт 13 га газар эзэмшүүлсэн.
  • 2020 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн А295 дугаартай захирамжаар “Бат-Орших баян” гэдэг компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 18 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн байж болзошгүй гэх үйлдэлтэй хэргийг.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Н гэгч нь

  • 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн А364 дугаарт захирамжаар “Санапита” компанид 20 га газрыг 15 жилийн хугацаатай гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн
  • 2021 оны есдүгээр сарын 17-ны өдрийн А295 дугаартай захирамжаар “Лилия гарден” компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 10 га газрыг эзэмшүүлэх
  • 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн А30 дугаартай захирамжаар “Соронзонговь” компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт 20 га газар хууль бусаар эзэмшүүлсэн

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2023 оны аравдугаар сарын 6-ны өдрийн А315 тоот захирамжаар “Азхуртрэвел” компанид 10 га газар хууль бусаар эзэмшүүлсэн байж болзошгүй гэх мөрдөн байцаалтын хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаад прокурорын байгууллагад шилжүүлсэн” гэх мэдээллийг өглөө.