Жуулчдад НӨАТ-ын буцаан олголт өгөх журмыг баталжээ.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Аялал жуулчлалын тухай хуулийг өнгөрсөн тавдугаар сард УИХ баталсан. Хуулийг дагаж, НӨАТ-ын тухай хуульд Монгол Улсад аялж байгаа жуулчид Монголын нутаг дэвсгэрээс худалдан авсан бараа бүтээгдэхүүнд төлсөн НӨАТ-ын буцаан олголт өгөх өөрчлөлт орсон. Энэхүү буцаалтыг олгох журмыг өнөөдөр батлууллаа.
Дэлхийн 160 гаруй улс НӨАТ-ын системтэй байдаг. Үүнээс жуулчдад НӨАТ-ыг 100% буцаан олгодог 70 гаруй улс бий. Манай улс 73 дахь улс болж байна. Ингэснээр бүс нутгийн аялал жуулчлалын зах зээл дээр өрсөлдөх чадвар нэмэгдэх юм. Жуулчдыг татаж, худалдан авалтыг дэмжиж, ноос, ноолууран бүтээгдэхүүний борлуулалтад сайнаар нөлөөлөн гэж үзэж байгаа.
Германд тодорхой нэр бүхий бараанд НӨАТ олгодог. Үүнтэй адил. Манай улсад и-баримтын систем сайн хөгжсөн учир жуулчдад хүндрэл учруулахгүйгээр буцаан олголтыг өгөх хувилбаруудыг санал болгоно. Жуулчид НӨАТ-ын буцаан олголтыг бэлнээр болон дансандаа авч болох юм.
Жуулчид эм, эмийн бүтээгдэхүүн, архи, согтууруулах ундаа, НӨАТ нь чөлөөлөгдсөн бараа бүтээгдэхүүнээс бусад бүх төрлийн буюу экспортын нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан бол НӨАТ-ыг буцаан олгох юм.
2024 оны нэгдүгээр сарын 1-нээс жуулчдын НӨАТ-ын буцаан олголтод хамрагдах дэлгүүрүүдийг бүртгэж, системийн эрхийг олгоно” хэмээн тайлбарлав.
0 cэтгэгдэлтэй