Дээрэмчдийн амийг хөнөөсөн Мексикийн тосгоны оршин суугчдыг гэм буруугүйд тооцжээ

timelive.mn 2023-12-29

Алдарт Мичоаканагийн Гэр бүл гэмт хэргийн бүлэглэлийн 10 гишүүний амийг хөнөөсөн Мексикийн нэгэн тосгоны оршин суугчдыг “аргагүй хамгаалалт” хэрэглэсэн үндэслэлээр шийтгэлээс чөлөөлөх шийдвэрийг тус улсын прокурорын байгууллага өчигдөр гаргажээ.

Текскапиля тосгоны оршин суугчид дээрх бүлэглэлийн дээрэмчдийн байнгын дарамт дор амьдардаг байсан гэнэ.

Дээрэмчид энэ тосгоны тариачдаас талбайнхаа метр квадрат тутамд татвар өгөхийг шаарддаг байжээ. Гэвч энэ жил ургац муу гарсан тул тосгоныхон арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Мичоаканагийн хүмүүстэй хэлэлцээ хийхээр уулзсан байна.

Татвараа бууруулахыг хүссэн тариачдыг дээрэмчид тосгоны хөл бөмбөгийн талбайд цуглуулаад буудаж сүрдүүлжээ.

Энэ үеэр өмнө нь тохиролцсон байсан тариачид буу, хадуур, мачет зэрэг зэвсэг ашиглан дээрэмчдийн эсрэг хариу довтолсон гэнэ.

Мөргөлдөөний үеэр гэмт хэргийн бүлгийн 10 гишүүн алагдаж, хэд хэд нь шархаджээ.

Алагдсан хүмүүсийн дотор Мичоаканагийн бүлгийн Мехико муж дахь салбарын толгойлогч Эль Пайасо (испани хэлээр алиалагч) хочтой этгээд байсан байна.

Үүнээс гадна тариачдаас дөрвөн хүн алагджээ.

Дээрэмчид түрүүлж гал нээсэн, хариуд нь тариачид өөрт байгаа зэвсгийг ашиглан аргагүй хамгаалалт үйлдсэн тул гэмт хэргийн үндэслэлгүй гэж орон нутгийн прокурорын байгууллага дүгнэсэн байна.

Энэ мөргөлдөөний дараа Текскапиля тосгоны оршин суугчид айдас дор амьдрах болжээ. Мөргөлдөөн болсноос хойш хэд хоногийн дараа дээрэмчид тосгоны 14 хүнийг хулгайлсан байна.

Тэдний дотор дөрвөн хүүхэд байжээ.

Одоо Мексикийн үндэсний гвардын хэдэн зуун цэрэг тосгоныг хамгаалалтдаа аваад байгаа юм байна. Текскапиля тосгон харьяалагддаг Мехико мужийн захирагч Делфина Гомес “Та нарыг бид орхихгүй, байнга хамт байх болно” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC