Майкрософт компани сүүлийн 30 орчим жилийн хугацаанд анх удаа өөрийн системтэй компьютерын гарт шинэ товч нэмж байгаагаа зарлажээ.
Тухайлбал энэ оны хоёрдугаар сараас худалдаанд гарах Windows 11 системтэй шинэ компьютеруудын гар хиймэл оюуны Copilot функцийг ашиглах товчтой болж байна.
Майкрософт бол хиймэл оюуны салбарт тэргүүлэгч OpenAI компанийн гол хөрөнгө оруулагч юм. Copilot функцийн цаад технологи нь OpenAI компанийн хөгжүүлж буй GPT-4 хэлний загвар ажээ.
2023 онд Майкрософт өөрийн Microsoft 365, Bing зэрэг бүтээгдэхүүнүүдэд хиймэл оюуны технологийг нэвтрүүлсэн билээ.
Copilot функц нь хэрэглэгчийн мэдээлэл хайх, зураг үүсгэх, имэйл бичих зэрэг олон төрлийн үйлдлүүдэд туслах зорилготой юм.
Майкрософтын дэд ерөнхийлөгч Юсуф Мехди шинэ товч нэмснийг 30 орчим жилийн өмнө Windows товч нэмсэнтэй дүйцэх “хөгжлийн чухал үе шат” болохыг онцолжээ.
Шинэ товч хэрэглэгчийн үйлдлийг “хялбаршуулах”, “хүч нэмэгдүүлэх” ач холбогдолтойг тэр блогтоо тайлбарлан бичсэн байна.
Windows 11 системийн хэрэглэгчид одоо ч Copilot функцийг “Windows key + C” товчны хослолыг ашиглан дуудах боломжтой байгаа.
Майкрософт компани хамгийн сүүлд 1994 онд гарны товчоо шинэчилж байжээ.
Эх сурвалж: BBC
0 cэтгэгдэлтэй