Ч.Хүрэлбаатар: Хийх ажлуудаа батлан хамгаалах, цагдаа, АТГ-аас асуугаад байвал энэ улс хөгжихгүй

timelive.mn 2024-01-5

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр тус хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Бейсен, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар дараах байр суурийг илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Бейсен хэлэхдээ “Одоогийн хуулийн төслийн 4.1.5-д гадаадын хөрөнгө оруулагч гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа

  • Хувь хүн
  • Гадаадын иргэн
  • Харьяалалгүй хүн
  • Гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн
  • Гадаад улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд гэж оруулжээ.

Ингэж оруулсан нь буруу гэж бодож байна. Гадаадын олон иргэн манай улсад орж ирэх боломжийг нээж байгаа юм биш үү.

Гадаад иргэд орж ирээд нөөц багатай уурхайнуудыг ухаж, хайгуулаар ашигладаг асуудал байгаа. Түүнчлэн үндэсний аюулгүй байдлын асуудал бий.

Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хууль хүчний байгууллага болон батлан хамгаалахын салбарынхантай зөвшилцсөн үү.

Монгол Улсын хөгжлийн стратегитай холбоотой хөрөнгө оруулалт хийх олон салбар байна.

Тухайлбал газрын тосны үйлдвэр байгуулах, зам, метро барих болон мал аж ахуйн гаралтай түүхий эд буюу ноос, ноолуур арьс ширний салбарт үйлдвэр байгуулах асуудлыг хөрөнгө оруулалтын хуульд тусгамаар байна.

Мөн эрүүл мэндийн салбар, хүнсний үйлдвэрийн асуудалд хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэхэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, тагнуул, цагдаа, батлан хамгаалах яамтай зөвшилцсөн эсэх талаарх асуултад хариулъя.

Энэ бол бизнес, эдийн засгийн орчныг бий болгох тухай ажил.

Улсын эдийн засгийг улам тэлэх, төрөлжүүлэх, ард иргэдэд, бизнес эрхлэгчдэд боломж, сонголтыг шинээр бий болгох талаар хэлэлцэж байгаа. Ийм төрлийн хуулийг бизнесийнхэнтэйгээ л ярилцмаар байна.

Монгол хүчний байгууллагын улс биш. Манай арми, цагдаа, тагнуул хүчтэй байх ёстой. Гэхдээ бизнесийн харьцааны асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бизнесийнхэнтэйгээ ярьдаг, зөвлөлддөг, бусад орны хамгийн сайн, шилдэг жишгүүдийг нэвтрүүлмээр байгаа юм.

Ямар нэгэн зүйл хийхийн өмнө батлан хамгаалах, цагдаа, Авлигатай Тэмцэх Газраас асуугаад байвал энэ улс хөгжихгүй. Ихэнх нь болохгүй, эрсдэлтэй гэнэ.

Дэлхийн улс орнуудад байгаа хамгийн сайн жишгийг л дагаж явах ёстой.

Хөгжлөөрөө манайхаас доош орчихсон орнуудын жишгийг Монголд нэвтрүүлээд байвал уруудна. Иймд сайн жишгийн дагуу хөгжиж, хиймэл бэрхшээлүүдийг бизнест учруулаад хэрэггүй, илүү боломж олгоё” гэлээ.