Иран эмэгтэй олон нийтийн газарт толгойдоо алчуургүй явсан шалтгаанаар 74 удаа ташуурдуулж шийтгүүлжээ

timelive.mn 2024-01-10

Ираны курд үндэстэн 33 настай эмэгтэй олон нийтийн газарт шашны уламжлалын дагуу толгойдоо алчуур зүүлгүй явсан шалтгаанаар шүүхээс 74 удаа ташуурдуулж шийтгүүлэх ял сонссон байна.

Түүний ялыг өнгөрсөн долоо хоногт гүйцэтгэжээ.

Шийтгүүлсэн Рояа Хэшмати өнгөрсөн оны дөрөвдүгээр сард өөрийн гудамжаар алхаж буйг харуулсан гэрэл зургийг сошиал сүлжээнд нийтэлсэн юм.

Зураг дээр тэр толгойдоо алчуур зүүгээгүй, ердийн улаан цамц, хар банзалтай цааш харан алхаж байгаагаар гарч байжээ.

зураг

Энэ зургаа нийтэлсний дараа Хэшмати 11 хоног саатуулагдсан байна. Дараа нь түүнд төрийн эсрэг суртал нэвтрүүлэг явуулсан, дэг журам зөрчсөн, нийгмийн ёс суртахуунд харш зураг тараасан шалтгаанаар 13 жил хорих ял оноож байжээ.

Давж заалдсаны үр дүнд Хэшмати нэг жилийн тэнсэн харгалзах ял, гурван жилийн хилийн хориг, $25 орчмын мөнгөн торгууль, 74 удаа ташуурдах шийтгэл авсан байна.

Ингээд ташуурдах шийтгэлийг нэгдүгээр сарын 3-ны өдөр Тегеран хотын нэг дүүргийн прокурорын газрын байранд гүйцэтгэжээ.

Саяхан Хэшмати ташуурдуулах шийтгэлийг хэрхэн эдэлсэн талаар үзсэн харснаа Фэйсбүүк хуудсандаа дэлгэрэнгүй бичсэн байна.

зураг

Түүний толгойд хижаб хэмээх алчуур зүүлгэж, хоёр гарыг ард нь гавлажээ. Үүний дараа түүнийг “дундад зууны эрүү шүүлтийн өрөө” гэмээр танхимд оруулсныг бичсэн байна.

Тус танхимын хананд өлгөсөн олон ташуурын нэгээр прокурорын ажилтан Хэшматийг гэсгээн шийтгэжээ.

Ташуурдуулах үеэр тэр өвдөлтөө тэсвэрлэхийн тулд 2022 оны сүүлээр Иран даяар гарсан эсэргүүцлийн хөдөлгөөний сүлд дууг амандаа аялж байсныг бичсэн байна.

Тухайн үед Курдистан мужийн уугуул Махса Амини хэмээх эмэгтэй мөн толгойдоо хижаб зүүгээгүй шалтгаанаар цагдаагийн хэсэгт саатуулагдаад байхдаа учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан юм. Энэ явдлын дараа Иран даяар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдсэн нь 1979 оны Исламын хувьсгалаас хойш Тегераны эрх баригчдад тулгарсан хамгийн том сорилт болж байв.

Хэшматигийн үйлдэл, эр зоригийг Ираны дотоодод болон гадаадад амьдарч байгаа иргэд магтан сайшааж, Тегераны дэглэмийн харгис бурангуйг жигшин зэвүүцэж байгаагаа онлайн орчинд илэрхийлцгээж байна.

Эх сурвалж: Radio Free Europe

  • Ираны аятолла гээд шашны удирдагч нь хогийн гар бдаг.аль 80 оноос хойш олон улсын хоригт ороод,уг нь нефтийн орд,нөөц ихтэй боловч их хэмжээгээр экспортлох боломжгүй учраас ард иргэд нь ядууралд нэрвэгдсэн,дээрээс нь шашны элдэв хоригт хашигдсан эрх чөлөөгүй нэг ийм улсдаа.уг нь бол 70-аад оны эхээр удахгүй арабын хамгийн хөгжилтэй улс болох боломжтой гэж яригдаж бсан боловч 79 онд лалын хувьсгал гэж новшийн юм болоод харанхуй нийгэмд ороод,хөгжил юм нь зогсчихсон.