Өнөөдөр Кибер Аюулгүй Байдлын Зөвлөл хуралдсантай холбогдуулан цахим халдлага зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар Цахим Хөгжил, Харилцаа, Холбооны (ЦХХХ) сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр “Кибер аюулгүй байдлын хуультай болохоор Кибер Аюулгүй Байдлын Зөвлөлийн даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд даргаар нь би ажилладаг. Өнөөдөр манай зөвлөл хуралдаж тодорхой шийдвэр гаргалаа.
Манай улсад 2024 оны хоёрдугаар сарын байдлаар цахим орчинд 7,560 гэмт хэрэг бүртгэгдсэн.Үүний 83 хувийг нь кибер залилан эзэлдэг. Кибер орчинд 1,512 гэмт хэрэг гарчээ.
Сүүлийн үед кибер халдлагууд эрс өсөж байна. Зөвхөн манайд ч гэлтгүй олон улсын хэмжээнд ч ийм төрлийн гэмт хэргийн тоо эрс өссөн баримт бий. Дэлхийн даяар кибер орчин дахь гэмт хэргийн улмаас 2023 онд есөн их наяд ам.долларын хохирол учирсан гэх судалгааг бидэнд танилцуулсан.
Энэ тоо 2050 онд 10 их наяд ам.долларт хүрч өснө гэж судлаачид таамаглаж байна. Дэлхийн нийт иргэдийн 66 хувь нь интернэтийг идэвхтэй хэрэглэж байна. Манайд ч гэсэн цахим орчин дахь идэвхтэй хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж буй. Үүнийг дагаад кибер гэмт хэргийн тоо ч гэсэн өсөж байгааг онцолъё.
Өнөөдрийн хурал дээр хамгийн их сэтгэл түгшээсэн асуудал нь 2021 онд “dark web” буюу кибер орчин дахь хар зах дээр манай иргэдийн мэдээллийг зарсан тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал 2.3 сая цахим хэрэглэгчийн гэрийн хаяг, утасны дугаар гэх мэт хувийн мэдээллийг 700 “ногоон”-оор зарсан тохиолдол бий.
Манай улсад кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдаад хоёр жил ч болоогүй байна. Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийг ч бас батлаад хоёр жил, хэрэгжээд жил хагасын л хугацаа өнгөрлөө.
Эрүүл мэнд, генетикийн мэдээллийг хувь хүний эмзэг мэдээлэл гэж үзэж хуулиар нууцалдаг журамтай. Иргэдийн ийм мэдээллийг зочид буудал, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд өөрсдийн цахим хуудсан дээр бүртгэж авдаг. Үүгээр нь дамжаад уг мэдээллийг авах, улмаар хар зах дээр зарсан тохиолдол ч бий.
Иймэрхүү үл үзэгдэгч дээрэмчидтэй яаж тэмцэх вэ гэдэг нь нэн тулгамдсан асуудал болоод байна.
Өдөрт 4,000-5,000, долоо хоногт 40,000-50,000 кибер халдлага олон улсаас ирдэг. Төрийн мэдээллийн сүлжээ рүү ч халдлага хийдэг, хувь хүний сонор сэрэмжгүй байдлаас шалтгаалан хортой код ашиглаж халдлага их гардаг.
Тэр ч бүү хэл 2020 онд нэр бүхий зарим арилжааны банкууд хэрэглэгчдийнхээ мэдээллийг хар захын наймаачдад алдсанаас болоод хувь хүний мэдээллийг зарсан тохиолдлыг манай хууль хүчнийхэн бүртгэж авч хариу арга хэмжээ авсан.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр “Call Center” буюу дуудлагын төв ажиллуулаад 960 санал гомдол хүлээж авсан. Энд ирсэн гомдлууд дээр дүгнэлт хийхэд иргэд 2.9 тэрбум төгрөгийн кибер залиланд өртсөн баримт бий. Үүний 1.7 тэрбум төгрөгийн гомдлыг царцаасан.
Иргэдэд дахин сануулахад цахим хаяг, банкны аппликэйшн руу нэвтрэхдээ “strong password” буюу хүчирхэг нууц үг үүсгэж байх шаардлагатай байна. Янз бүрийн хортой код агуулсан линкүүд дээр дарахгүй байхыг анхааруулъя. Энэ асуудал дээр кибер зөвлөлийн зүгээс “Бод тэгээд Товш” гэсэн уриалга гаргасан.
Хөдөө орон нутагт иргэд малын хулгайгаас илүү цахим залиланд өртсөн гэх судалгаа гарсан. Тиймээс иргэн бүрийг сонор сэрэмжтэй байх шаардлагатай байна.
Энэ мэт асуудлаас шалтгаалж өнөөдрийн кибер зөвлөлийн хурал дээр кибер халдлагад өртсөн иргэдийн хохирлыг барагдуулах ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэгт хувь хүний эмзэг болон хувийн мэдээллийг алдсан байж болзошгүй тохиолдол бүрийг шалгаад дараагийн Зөвлөлийн хурал дээр танилцуулах юм.
Саяхан Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн салбар дахь цахимжилтыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Үүнтэй холбогдуулаад Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж байсан цахим эрүүл мэнд төслийг зогсоосон. Аудитын дүгнэлтээр хэрэгжилт нь хангалтгүй гэж үзсэн тул уг төслийг хэрэгжүүлж байсан эрх бүхий хүмүүсийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хүсэлт гаргасан.
Энэ хэргийн явцад Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах ажлын хүрээнд программ хангамж нэвтрүүлж байсан компаниуд хувь хүний эмзэг мэдээллийг алдсан байж болзошгүй гэх мэдээлэл манай дээр ирсэн. Ер нь иймэрхүү гомдлууд иргэдийн зүгээс их ирдэг тул эдгээрийг шалгах нь ажлын хэсгийн гол зорилго юм” гэж ярилаа.
Өмнө нь хар зах дээр иргэдийн мэдээллийг зарсан байж болзошгүй хэргүүдийг цагдаагийн байгууллага шалгаад хариу арга хэмжээ авсан. Одоогоор зөвхөн иргэдийн гомдол дээр үндэслээд мэдээлэл алдагдсан байж болзошгүйг шалгаж байгааг салбарын сайд онцлов. Түүнчлэн иргэдийн зүгээс цахим мөрийтэй тоглоомын талаар ч санал гомдол ихээр ирдэг тул энэ чиглэлээр хариу арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж.
0 cэтгэгдэлтэй