Б.Даваадалай: Малын сэг зэмийг дахин боловсруулах боломжтой

timelive.mn 2024-04-5

Өнөөдөр \2024.04.05\ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү болон бусад албаны хүмүүсийн төлөөлөл “Протейн” малын яс боловсруулах үйлдвэрт ажиллалаа.

Манай оронд сүүлийн 70 жилийн хугацаанд 12 удаагийн томоохон зуд тохиолдсоноос 1999 оноос хойш сүүлийн дөрвөн удаагийн зудад мал сүргийн 60 орчим хувь нь хорогдсон байдаг. Бусад улстай харьцуулахад, манайд малын зүй бус хоргодол ихээр гарч байна. Энэ жил л гэхэд малын хоргодол улсын хэмжээнд 5,9 саяд хүрчээ. Энэ нь нийт малын 9,2 хувийг эзэлж байгаа юм. Малын сэг зэм болон био хаягдал нь хүлэмжийн хий ялгаруулагч томоохон эх үүсвэр болдог. Мөн зүй бусаар хорогдсон малын сэг зэмээс 20 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг бөгөөд устгаагүйн улмаас мал, амьтны галзуу өвчин нэмэгдэх эрсдэлтэй. Малын зүй бус хорогдлоос гадна, манай улс жилд хүн амын хүнсний хэрэгцээнд болон экспортод зориулж хорь гаруй сая толгой мал нядалдаг байна. Энэ үйл явцад нийт 400-500 мянган тонн яс, өөх, цус, толгой шийр, гэдэс дотор, хоолой багалзуур зэрэг хүн шууд хэрэглэдэггүй, хоёрдогч түүхий эд хаягддаг байна.​​​​​​​

Энэ талаар Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай “Малын сэг зэм болон био хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах нь олон талын ач холбогдолтой. Үүний нэг жишиг үйлдвэрт өнөөдөр ажиллалаа. “Протейн” малын яс боловсруулах үйлдвэр нь жилд 40,000 малын гаралтай био хаягдлыг цуглуулан, түүхий эд бэлтгэж азот, фосфор, кали, кальци, магнигаар баялаг, хөрсний микроорганизмд шаардлагатай органик бодисын агууламж өндөр бордоог үйлдвэрлэж байна. Мөн тус бордооны үйлдвэрлэлийн явцад Монгол Улсад импортыг орлох уургийн өндөр агууламжтай, мал амьтны тэжээлийн уураг гарган авч буй” гэв.

Малын био хаягдлыг бордоо, малын тэжээл зэрэг янз бүрийн зориулалтаар ашиглах боломж байдаг. Тухайлбал,

1. Малын тэжээл, тэжээвэр амьтдын хоол, үйлдвэрийн бүтээгдэхүүн зэрэг төрөл бүрийн хэрэглээнд хэрэглэх, өөх тос, уураг, эрдэс бодисыг гаргаж авах

2. Малын сэг, зэмийг бусад органик материалтай хольж шим тэжээлээр баялаг бордоо хийх

3. Амьтны сэг зэмийг агааргүй задралын системд ашиглан био хий гаргаж, эрчим хүч үйлдвэрлэх зэргээр ашиглаж болдог. Манай улсын хувьд “Протейн” яс боловсруулах үйлдвэр үүний жишиг болж байна.

Тус үйлдвэр нь хоногт 100 тонн буюу жилд 30000 тонн түүхий эд боловсруулдаг. Үүний 67 хувь нь органик бордоо, 33 хувь нь өөхөн тос болох бөгөөд хаягдалгүй, байгальд ээлтэй технологиор үйл ажиллагаа явуулдаг онцлогтой.​​​​​​​