Х Богдын мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна

timelive.mn 2024-04-23

Х богдын мэндэлсэн өдөр өнөөдөр /2024.04.23/ тохиож байна. Х Богд аргын тооллоор тавдугаар сарын 4-ны өдөр мэндэлсэн ч билгийн тооллоор хаврын адаг сарын шинийн 15-нд мэндэлсэн тул өнөөдөр ийнхүү 11 нас хүрч байгаа аж.

Х богд нь математикч Ч.Алтаннар, “Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан нарын А.Агуйдай, А.Ачилдай хэмээх хоёр хүүгийн нэг юм. Түүхэнд бичигдэх энэ үйл явдлыг дээрхийн гэгээн XIV Далай лам дэлхий нийтэд зарлан “тамгалаж”, монголчууд бид оюун санааны удирдагч “тунамал дүртэй” Богдынхоо гэгээн дүрийг туулай жилдээ харах хувь тохиосон юм. Х Богдоо тодруулаад зогсохгүй хөрөг дүрийг нь арслант ширээнд залах ёслол өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр буюу үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр Монголын бурхан шашны төв Гандантэгчинлин хийдийн Батцагаан дуганд болсон.

мөн Монголын Бурханы Шашинтны Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн Их Хамба лам, Хамба Номун Хан Д.Жавзандорж энэ сарын 03 /2024.02.02/ тушаал гаргаж, “Х Богдын шүтээн дүрийг бүх дацан хийдүүд залах”-ыг айлтгал болгосон юм.