Шөнө барилгын ажил гүйцэтгэж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан компанийг ₮1 саяар торгожээ

timelive.mn 2024-04-29

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт 59,312 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 844 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлжээ.

Тодруулбал олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2,587, танхайрах 156, хүний биед халдах 359, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 297, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 53,604, бусад 3,153 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 70 иргэнд 21,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 297 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулжээ.

Эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 44, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 95, сураггүй алга болсон хүн 91, шүүхээс даалгасан хүн 57, зөрчил үйлдсэн этгээд 34 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Шийдвэрлэсэн хэргүүдээс дурдвал

Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий байгууллага нь энэ оны дөрөвдүгээр сарын 23-нд шөнийн цагаар барилгын ажил гүйцэтгэж, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, нэр бүхий хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгж буюу нэг сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Цахим орчинд энэ  сарын 10-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтад “Сэлэнгэ аймгийн Зүүн Хараад болсон “U15” нэртэй волейболын тэмцээний үеэр багш нь хүүхдүүдээ бөмбөг алдлаа гэж орилж, удаа дараа маш хүчтэй алгадан, зодож биед нь халдаж байгаа байдал” гэсэн гарчигтай видео мэдээлэл байршуулсан. Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй уг үйлдлийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хүүхдийн эрхийг зөрчих зөрчил гаргасан иргэн Ж-д Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгосон байна.

Харин нэр бүхий иргэнээс гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, үргэлжилсэн үйлдлээр 18 насанд хүрээгүй гурван иргэний биеийг нь үнэлүүлэх зорилгоор тэдний амьдрал ахуйн байдлыг ашиглаж буюу эмзэг байдлыг нь далимдуулан ятгаж, цахим орчинд зар байршуулж, зарын дагуу холбогдсон хүмүүст тээврийн хэрэгслээр хүргэж өгөх зэргээр биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэргийг үйлдсэн гэх хэрэгт иргэн Н-д Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

Мөн иргэн “Б” нь өөрийн урьд өмнө ажилладаг байсан нэр бүхий төрийн бус байгууллагын удирдлагын шийдвэрийг эсэргүүцэн 2023 оны есдүгээр сарын 20-ны өдөр мэдээллийн технологи болон урьд ажиллаж байхдаа олж авсан мэдээллийг ашиглан кибер орчинд хууль бусаар халдаж, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын хөтлөн хариуцдаг сайт руу нэвтрэн орж, уг сайтад байрласан нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нэр бүхий 18 ажилтны цалин, нийт төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх мэдээлэл, жагсаалтын мэдээллийг татан авч, хуулбарласан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

 

Эх сурвалж: ЦЕГ