Удахгүй Хятадад хийх Путиний айлчлалын гол сэдэв Монголоор дамжих хийн хоолойн төсөл байх гэнэ

timelive.mn 2024-05-13

Тав дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлээд байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын сүүлээр БНХАУ-д төрийн айлчлал хийх гэж байгаа.

Энэ айлчлалын үеэр талуудын хэлэлцэх гол сэдэв нь Монгол улсын нутгаар дайрах “Сибирийн Хүч-2” байгалийн хийн хоолойн төсөл байхыг Хонконгийн Өмнөд Хятадын Өглөөний Шуудан сонин албаны эх сурвалжууд дээр үндэслэн мэдээлжээ.

Москва-Бээжингийн стратегийн түншлэл өөрсдийнх нь тодорхойлж байгаачлан үнэхээр “хил хязгааргүй” байж чадах уу гэдгийг энэ төсөл харуулах юм.

Хэрвээ уг төсөл хэрэгжвэл ОХУ-аас Хятадын хойд бүс нутагт жилд нийлүүлдэг хийн хэмжээ 50 тэрбум шоо метрт хүрснээр Украины дайны улмаас алдсан Европын зах зээлийг орлох хэмжээнд хүрнэ гэж үзэж байгаа.

Гэхдээ төслийн яриа хэлэлцээний явц удааширч, тодорхойгүй байдалтай байгаа нь Хятадын талын сонирхол бага байгаатай холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Бас АНУ тэргүүтэй Өрнөдийн орнуудын шахалт үүнд нөлөөлж буй гэж үзэж байгаа.

Хятад улс байгалийн хийг АНУ, Австрали, Индонез, Малайз, Катар зэрэг өөр улсуудаас хангалттай хэмжээгээр авдаг. Удахгүй Туркменистанаас хий дамжуулах хоолой ашиглалтад орох гэж байгаа.

Үүнээс гадна Хятад улсад сэргээгдэх эх үүсвэрт шилжих эрчим хүчний шилжилт эрчимтэй хэрэгжиж байгаа юм.

Гэхдээ тус улсын байгалийн хийн хэрэгцээ өссөн хэвээр байгааг тоо баримт харуулж байна.

BBVA группийн ахлах эдийн засагч Дун Жиньюэ “Хэдийгээр эрэлт бага байдаг ч Хятадын засгийн газар байгалийн хийн стратегийн нөөцөө үргэлж нэмэгдүүлсээр ирсэн. Нөгөө талаар Хятадын нар, салхи, усны гэх мэт ногоон эрчим хүчний эх үүсвэрт шилжих шилжилт эрчимтэй үргэлжилж байна” гэж ярьжээ.

Өнгөрсөн онд Хятадын зах зээл 394.53 тэрбум шоо метр байгалийн хий хэрэглэснийг албаны тоо баримт харуулж байна. Улмаар 2030 он гэхэд жилийн хэрэгцээ нь 550-600 тэрбум шоо метр хүрэх тооцоо гарчээ.

Оросын эрх баригчид бас өөр бусад замаар Хятадад нийлүүлэх хийн хэмжээгээ нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Тухайлбал тус улс Казахстаны нутгаар дамжуулан Хятадын зах зээлд нийлүүлэх хийн хэмжээгээ жилийн 35 тэрбум шоо метрт хүргэх төлөвлөгөөтэй байгааг энэ сарын эхээр Москвад суугаа Казахстаны элчин сайд Даурен Абаев хэвлэлд ярьж байв.

Гэхдээ энэ төлөвлөгөө тийм амархан хэрэгжих боломжгүй гэж судлаачид үзэж байна.

Шанхайн Нийгмийн Ухааны Академийн судлаач Ли Лифань “Өрнөдийн эрчим хүчний хориг арга хэмжээ Казахстаны эрх баригчдын санааг зовоож байгаа. Тиймээс энэ төлөвлөгөө тийм амархан хэрэгжиж чадахгүй байх” гэж тайлбарлажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post