Долоон буудал дахь ажлын газраасаа гараад сураггүй болсон Б.Оч гэх залууг тав хоног эрэн хайж буй. Тэрбээр хамгийн сүүлд эхнэртэйгээ “хүүхдүүдээ цэцэрлэгээс нь аваад гэртээ харина” гэж утсаар яриад ажлын байрнаасаа гарсан боловч түүнээс хойш ор сураггүй алга болоод байсан юм.
Улмаар бид түүний талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж, эрлийн ажлыг дэмжих үүднээс дараах сурвалжилгыг бэлтгэсэн юм. Гэвч дугаар шилжих мөчид буюу тавдугаар сарын 15-ны /2024.05.15/ оройн 21:00 цагийн орчимд алга болсон иргэн Б.О нас барсан байдалтай олдсон талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас ар гэрт нь мэдэгджээ
Иймд бид иргэн Б.О-ын хаанаас хэрхэн алга болсон талаар ар гэр, найз нөхдөөс нь тодруулж, сураггүй болсон гэх газраас бэлтгэсэн сурвалжилгаа хүргэж байна.
Нас барсан байдалтай олдсон гэх Б.Оч нь 1993 онд төрсөн 31 настай бүжгийн багш мэргэжилтэй. Тэрбээр эхнэр гурван хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдрахаар ирээд нэг жил болж буй. Улмаар бүжгийн сургалт явуулахаар “Долоон буудалд” оффис түрээсэлсэн бөгөөд алга болсон тавдугаар сарын 10-ы өдөр тус газраа цэвэрлэж, хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болгоод гарч явсан аж. Түүний бүжгийн дугуйлан өнгөрсөн Даваа гарагт /2024.05.12/-нд эхлэх байжээ. Гэвч тэрбээр тус өдрийн 16:30 цагаас хойш ор сураггүй алга болоод байсан юм. Улмаар түүний ар гэр, найз нөхөд цагдаагийн байгууллагатай хамтран эрэн хайх ажлыг зохион байгуулж байсан ч тавдугаар сарын 15-ны орой нас барсан байдалтай олдсон гэх харамсалтай мэдээллийг цагдаагийн байгууллагаас ар гэрийнхэнд нь дуулгажээ.
Нас барсан байдалтай олдсон Б.О-ийн найз Ж.Батжаргал түүнийг алга болсон талаар ярихдаа,
-Манай найз тавдугаар сарын 10-нд Чингэлтэй дүүргийн долоон буудлын орчимд байрлах ажлын байрнаасаа гараад эхнэр рүүгээ “Хүүхдүүдээ аваад гэртээ очлоо” гэж яриад, түүнээс хойш сураггүй алга болсон. Энэ талаар эхнэр нь тавдугаар сарын 11-ний орой надад мэдэгдсэн. Ингэхдээ “Нөхөр маань та хэдтэй холбоо барьсан уу. Хэл чимээгүй алга болчихлоо” гэсэн. Тэр оройдоо би найзууд руугаа яриад нэг найз нь маань цагдаад бүртгүүлсэн. Улмаар тавдугаар сарын 12-ны өглөө бид бүгд Баянзүрх дүүргийн цагдаатай хамтран Чингилтэй дүүргийн цагдаагийн газар очиж камер шүүлгэсэн боловч дүрс олдоогүй учраас Баянзүрх дүүргийн эрэн хайх ажлыг хариуцаж байгаа цагдаатай хамт долоон буудлын автобусны буудал орчмын камерыг шүүлгэсэн.
Камерт бичигдсэнээр манай найз тус өдрийн 16:30 цагийн үед долоон буудлын баруун талын автобусны буудлын хойно байрлах дэлгүүрийн камерт өртсөн байсан. Тэр бичлэгт автобусны буудал, дэлгүүр хоёрын хооронд дөрвөн удаа доош, дээш холхиж алхсан нь бичигдсэн байсан. Автобусны буудлын урд талын камерыг шалгахад яг буудлын шилэн самбарын араар алхаж орж байгаа нь харагдсан. Гэвч гарч ирэх хэсгийг автобус таглаж зогсоод хөдлөх хооронд найз маань хаашаа явсан нь тодорхойгүй алга болсон.
Харин түүний эхнэр Ж.Уранчимэг, “Нөхөр тухайн өдөр шинээр түрээсэлж байгаа бүжгийн заалаа цэвэрлэхээр гэрээсээ гарсан. Түүнээс хойш өдрийн 16:30 цагийн үед “хүүхдүүдээ авахаар ажлаасаа гарах гэж байна” гэж утсаар яриад, түүнээс хойш холбоо барилгүй сураггүй алга болсон. Утсаа хоёр өдрийн өмнө алга болгосон тул утасгүй явж байсан. Камерын бичлэгт автобусны буудал хүртэл ганцаараа явж байгаа нь харагдаад, камерыг автобус хааж зогсоод хөдлөх хооронд алга болчихсон. Өөр ул мөр олдоогүй. Найз нөхөд нь надтай хамт эрэн хайж байгаа. Ах дүү, хамаатан садан гээд холбогдож болох бүх хүнтэй холбогдсон ч “ирээгүй, хараагүй” гэсэн. Сошиал сувгуудыг нь шалгахад ямар ч хүнтэй уулзалт товлоогүй байсан. Нөхөр маань өмнө нь ингэж хэл чимээгүй алга болж үзээгүй. Гадуур хонох тохиолдол ч байдаггүй. Бид хоёр настай, дөрвөн настай хоёр ихэр гурван хүүхэдтэй. Хүүхдүүд маань аавыгаа асуухаар нь “хөдөө явчихсан” гэж хэлээд тав хоног хайсан ч сураг гарахгүй байгаа тул маш хэцүү байдалтай байна” гэж байсан юм.
0 cэтгэгдэлтэй