Улаанбаатар хотод үерийн эрсдэлээс сэргийлэх ямар ажлууд хийгдэж байгаа тухай “Геодези, Усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын инженер мэдээлэл өглөө.
Улаанбаатар хот борооны ус зайлуулах 3,990 шүүрт худаг, 3,876 үзлэгийн худаг/ус дамжуулах зориулалттай/, 209 км ус зайлуулах шугам сүлжээтэй байна.
Тэрбээр “Сэлбэ, Дунд голын урсцыг сайжруулах зорилгоор лаг хагшаасыг цэвэрлэх, зарим мод бутыг цөөлөх, Дунд гол дагуу байрладаг “Автобус-3” баазын орчмын голын урсгалд саад болж байгаа барилга, байгууламж, шороог зөөж урсцыг сайжруулах ажлууд хийгдэж байна.
Графикийн дагуу Улаанбаатар хотын борооны ус зайлуулах шугамуудыг цэвэрлэх, засварлах ажлууд хийгдэж байгаа.
Манай байгууллагаас энэ жил таван байршилд нийт 3,800 метр замын ус зайлуулах систем шинээр хийнэ. Үүнээс Төв цэнгэлдэх хүрээлэн, Дарь-Эхийн нэгдүгээр буудал, зуслангийн замын хоёр байршилд ажил эхэлсэн. Баянзүрх дүүргийн Доржийн гудамжинд борооны ус зайлуулах шугам шинээр хийнэ.
“Мөн 25 байршилд ус зайлуулах системийн зураг төсөл хийгдэж байна. Энэ жилдээ зураг төсөл нь хийгдэнэ гэсэн үг.
Үерийн хамгаалалтын далангийн тухайд:
Энэ жил долоон байршилд 950 метр үерийн хамгаалалтын даланг засварлана. Засварын ажлын үеэр борооны усанд эвдэрсэн даланг хүчитгэж засах юм. Тухайлбал Энхтайваны гүүрний доогуурх нүхэн гарцын үерийн хамгаалалтын даланг хүчитгэнэ. Одоо байгаа 70 метр даланг 60 метрээр сунгах юм. Ингэснээр үерийн ус халихгүй болно. Өнгөрсөн жил уг хэсэгт халилт үүссэн байдаг.
Харин Хан-Уул дүүрэг, Жаргалантын аманд 1,090 метр үерийн хамгаалалтын суваг шинээр барих юм” гэлээ.
0 cэтгэгдэлтэй