“Жилд 50 орчим тэрбум төгрөгөөр багшийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлбэл 2028 он хүртэл 2000 багштай болох боломж бий“

timelive.mn 8 цагийн өмнө

УИХ-ын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр /2025.04.15/ хуралдсан.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах хэлэхдээ, шилдэг төгсөгчид багш мэргэжил сонгодог нөхцөлийг бүрдүүлэхийн тулд амьжиргааны тэтгэлэг олгох, нийгмийн баталгааг хангах, ажиллах нөхцөлийг сайжруулах нь үр дүнтэй хэмээн судлаачид үзжээ. Сургалтын хүртээмжийг сайжруулах, анги дүүргэлтийг 40-өөс доош болгохын тулд сургуулиуд нэмж барих шаардлагатай гэж үзжээ. 2028 он хүртэл улсын хэмжээнд нийт 108 сургууль барих бөгөөд үүний 24 нь орон нутагт, 84 нь Улаанбаатарт барих хэрэгцээ бий юм байна. Үүнд 1.6 их наяд төгрөг шаардагдах судалгаа гарчээ. Харин багшийн хомсдолыг бууруулахын тулд жилд дунджаар 50 орчим тэрбум төгрөгийн төсвөөр Багшийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж, 2028 он хүртэл 2000 багштай боломж бий гэж тооцоолсон байна. Үүнд “Шилдэг төгсөгч төрөлх сургуульдаа” “Нөөц багш бүрдүүлэх”, “Ипотекийн зээл”, “Багшийн карьерыг дэмжих” хөтөлбөрүүд хэрэгжүүлж, багшийн мэргэжлийг сонгон суралцсан төгсөгч болон багшийн мэргэжилтэй ч өөр чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдээс нөөц бүрдүүлж хомсдолыг бууруулах боломжтой гэлээ.