Г.Оюун: В вирусний вакцин хийлгэснээр 15-20 жил элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой

timelive.mn 2025-04-17

 Монгол Улсын гавьяат эмч Г.Оюунтай уулзаж, элэгний хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх зөвлөгөөг нь сонслоо. “Халдварын Оюун” нэрээр Увсдаа танигдсан тэрбээр өндөр насны тэтгэвэртээ суусан ч “Гэгээн булаг” эмнэлэгт ажиллаж, ард олныхоо эрүүл мэндийн манаанд зогссоор байна.

-Элэгний хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Манай аймаг элэгний хавдрын өвчлөлөөр улсдаа нэгдүгээрт явдаг. Энэ нь ямар учиртай вэ гэвэл нэг удаагийн тариурт манай аймаг их хожуу шилжсэн. Дээр үеийн буцалгадаг тариур маань элэгний В, С вирусийг түмэнд тараачихсан. В вирустэй 10 хүний зургаа нь D вирустэй байна.

Одоо элгээ солиулж буй, тайруулж, боолгож байгаа хүмүүс бүгд D вирустэй. Нэг ёсондоо D вирусийг идэж ууж амьдардаг дельта вирус байгаа бөгөөд энэ нь хавдрыг үүсгэдэг.

Элэгний хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд В вирусээ үзүүлээд хэрвээ байвал тоолуулаад эм уух, В вирусгүй бол вакцин тариулах гэсэн хоёр л арга зам бий. Манай аймагт 2015 онд 175 хүн элэгний хавдраар өвчлөөд 76 нь нас барж байсан бол 2024 онд 49 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс нас баралт 6 байна.

Хүмүүс В-гийн шинжилгээ өгөөд вакцин тариулах, цаг хугацаандаа эм ууж хатуурал, хавдраас хамгаалдаг болж байна. Жишээ нь надад тогтмол үзүүлдэг 3217 хүн байгаа бөгөөд бүгд В, С вирусний эсрэг эм ууж байна. Хэрвээ энэ хүмүүс эм уугаагүй бол, анагаах ухаанд ийм эм гарч ирээгүйсэн бол энэ хүмүүсийн 100-ны 50 хувь нь элэгний хавдар, хатууралтай болох байсан гэж би үздэг. Иймд иргэд В вирусээ үзүүлж, вакцинаа заавал хийлгээрэй.

-Вакцин үнэхээр үр дүнтэй бол хэдий насны хүн хийлгэх вэ?

-Манай монголчууд урт насалдаг болжээ. Одоо 50, 60-тай хүн ч вакцин хийлгэж байна. В-гийн вакцин хийлгэснээр 15-20 жил элэгний өвчлөлөөс өөрийгөө урьдчилан сэргийлэх боломжтой.

Монгол оронд анх 1992 онд В-гийн вакцин хэрэглэсэн. Манай аймгийн хувьд би Халдвартын төвийн захирал байхдаа 1993 онд энэ вакциныг нэвтрүүлж байсан. 2012 онд аймгийн Эрүүл мэндийн газрын Халдвартын ерөнхий мэргэжилтэн, халдвар судлагч байхдаа А-гийн вакцин иргэдэд хийлгэж байсан. Сүүлийн 10 жил манай аймагт А-гийн өвчлөл гараагүй. В-гийн өвчлөл энд тэндээс ирсэн ганц нэг хүнээс гарсан байх. Энэ бүхэн вакцины үр дүн юм.

-В, С вирусгүй хүмүүс элэгний хавдраас өөрийгөө насан туршдаа яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Модны бохь тогтмол зажлах хэрэгтэй. Орой бүр аяга таваг, халбага сэрээгээ буцалж буй халуун усанд хийж ариутгах хэрэгтэй. Мөн хааяадаа нэг аяга усанд чимх хүнсний сод хийгээд ууж хэвших хэрэгтэй. Энэ гурван зөвлөгөөг дагаад явахад В, С вирусний халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах бүрэн боломжтой.