2024 оны Төсвийн тухай хуулийг дагаж Татварын тухай хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт орсон.
Тухайлбал Хувь Хүний Орлогын Албан Татвар (ХХОАТ)-ын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хувиараа бизнес эрхлэгч 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хүсэлт гаргаад, нийт орлогынхоо нэг хувиар татвар төлж болно гэж заасан.
Иргэдийн ойлголт: Иргэн алдагдалтай ажилласан ч татвар төлнө. Бүх иргэн дансаар орсон мөнгөнөөсөө нэг хувийн татвар төлнө.
Татварын Ерөнхий Газрын тайлбар: Үйл ажиллагааны орлоготой иргэд буюу хувиараа бизнес эрхлэгчдийн татварын хувь хэмжээ буурч байгаа.
Сангийн яамны тайлбар: Хувь хүмүүс хоорондын зээл, шилжүүлэг нь орлого биш учир татвар өмнө нь, одоо ч авахгүй.
Хувиараа бизнес эрхлэгчид өмнө нь олсон орлогоосоо зардлаа хасаад, үлдсэн дүнгийнхээ 10%-ийг татварт төлдөг байсан бол ирэх оноос зарлагын баримт цуглуулахгүйгээр нийт орлогынхоо 1%-ийг татварт төлөх боломжтой болсон аж.
“И-БАРИМТ СИСТЕМД ЗАРСАН НИЙТ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙХЭЭ ОРЛОГЫНХОО ДҮНГЭЭС НЭГ ХУВИЙГ ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ”
Энэ тухай Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал хэлэхдээ “ХХОАТ-ыг зургаан үндсэн орлогоор тооцоолдгийн нэг нь үйл ажиллагааны орлого буюу зах худалдааны төвүүд дээр бараа бүтээгдэхүүн зарж буй хүмүүс юм. Тухайн хүний орлогын хэмжээнээс хамаарахгүйгээр үйл ажиллагааны орлоготой иргэд нийт борлуулалтын орлогоос нэг хувиар татвар төлнө.
Үйл ажиллагааны орлоготой буюу хувиараа бизнес эрхэлж буй хүн орлогоосоо 10 хувийн татвар төлдөг байсныг нэг хувь болгож бууруулсан.
Өмнө нь үйл ажиллагааны орлоготой иргэдээс албан татварыг 10 хувиар тооцож авдаг байхад орлогоосоо зарлагаа хасаад, үлдэж буй дүнгээсээ 10 хувийг төлдөг харилцаатай байсан.
Харин ирэх оноос хувиараа бизнес эрхлэгч үйл ажиллагааны орлоготой иргэд зардлын баримт бүрдүүлэх шаардлагагүй. И-баримт-д зарсан нийт бараа бүтээгдэхүүнийхээ орлогынхоо дүнгээс нэг хувийг төлөх боломжтой болсон. Жишээлбэл “Тэди” төвд утас зардаг иргэн утас зарсан нийт орлогоо И-баримтаар бүртгүүлээд, орж ирсэн нийт орлогынхоо нэг хувиар татвар төлж болно” гэлээ.
“ХУВЬ ХҮМҮҮС ХООРОНДЫН ЗЭЭЛ, ШИЛЖҮҮЛЭГ НЬ ОРЛОГО БИШ УЧИР ТАТВАР ӨМНӨ НЬ, ОДОО Ч АВАХГҮЙ”
Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн твиттер дэх албан ёсны хуудастаа “Татварын хялбаршуулсан горим 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. Үүнд хамрагдах эсэх нь хувиараа бизнес эрхлэгчийн сонголтын асуудал. Энэ нь мөн хөнгөлөлт, чөлөөлөлт биш. Хувь хүмүүс хоорондын зээл, шилжүүлэг нь орлого биш учир татвар өмнө нь, одоо ч авахгүй.
Хувиараа бизнес эрхлэгч сонголтоо хийнэ. Зардлаа хасаад “ашиг” буюу татвар ногдуулах орлогоосоо 10% төлөх нь нээлттэй. Эсхүл зардлаа тайлагнахгүй жилд нэг удаа борлуулалтын орлогоос 1% төлөх хялбаршуулсан горим сонгох боломжтой” хэмээн бичжээ.
Үйл ажиллагааны орлого гэж юу вэ? /хуульд зааснаар/
Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон дараах орлогыг хамруулна:
- бие даан эрхэлсэн мэргэжлийн ажил, үйлчилгээний орлого;
- хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, зуучлалын үйл ажиллагаа эрхэлж олсон орлого;
- шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлого, тэдгээртэй адилтгах бусад орлого;
- эрхэлж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор үнэ төлбөргүй бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээ.
Тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулна.
0 cэтгэгдэлтэй