Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх дээр өнөөдөр /2023.12.25/ 13.30 цагаас Өмнөговийн газар нутгийг зарсан гэх нэр бүхий гурван этгээдэд холбогдох шүүх хурал болно.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Эрдэнэжаргал болон тус аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Бадраа нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, 2023 оны есдүгээр сарын 23-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр товлогдсон байна.
Монгол Улсын Газрын тухай хуульд тухайн шатны Засаг дарга нь газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэдэг хуулийн зохицуулалтыг зөрчиж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан эрх мэдлээ урвуулан ашигласан нь тогтоогдсон байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Эрдэнэжаргал гэгч нь 2020 оны наймдугаар сарын 7-ны А/225 дугаартай захирамжаар “Фүжи бит” компанид Ханбогд сумын Хайрхан тавдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт 13.6 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн байжээ.
Тэгвэл Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Бадраа өнгөрсөн долоо хоногт БНСУ руу хил даван зугтсан гэх мэдээлэл байна. Тэрбээр мөн нүүрсний хэрэгт давхар нэр холбогдоод байгаа билээ.
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Д.Бадраагийн хувьд Цагаан хадны суурьшлын бүсэд 2020-2021 онд гаалийн хяналтын талбай, нүүрс тээврийн компаниудын кэмп байгуулах зориулалтаар их хэмжээний газар олгосон. Ингэхдээ хамаарал бүхий хүмүүсийн аж ахуйн нэгжүүдэд давуу байдал үүсгэн албан тушаалаа урвуулсан хэрэгт яллагдагчаар тооцоод байсан.
0 cэтгэгдэлтэй