“Үндэсний эвсэл” Ирландын мэргэжилтнүүдтэй ХАА, барилгын салбарт хамтран ажиллах туршлага судлав

timelive.mn 2024-02-15

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр хоёрдугаар сарын 13-ны өдөр Бүгд найрамдах Ирланд улсын Засгийн газрын гишүүдтэй уулзаж, хөдөө аж ахуй, барилга болон бусад салбарт хэрэгжүүлж буй бодлогоос туршлага судаллаа.

Уулзалтаар Бизнес, үйлдвэрлэлийн сайд Саймон Ковени, Үйлдвэрлэл, худалдаа, хөдөлмөр эрхлэлтийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Деклан Хьюз нар бизнес эрхлэгчдийг дэмжих, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр Ирланд улсын хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, туршлагыг танилцуулсан байна. Мөн Сангийн дэд сайд Женнифер Кэрролл МакНилтай татварын орчин, бизнес эрхлэгчдийг дэмжсэн бодлогын талаар саналаа хуваалцжээ.

зураг

Засгийн газар өөрөө орон сууц барих бус газрын менежментийг зөв хийх ёстой

Уулзалтаар гэр хорооллыг орон сууцжуулахад төр болон бизнес эрхлэгчид хэрхэн үр ашигтай хамтран ажиллах талаар Ирландын Орон сууцны агентлагийн гүйцэтгэх захирал Боб Жордан туршлагаа хуваалцсан.

Тодруулбал, Засгийн газар нь өөрөө орон сууц барьж зарах, барилгын салбарын үйл ажиллагаанд хэт оролцохоос илүүтэйгээр барилгын компаниудын орон сууц барих сонирхлыг төрүүлэх, түүнд чиглэсэн бодлого, хууль эрх зүйн орчин бүрдүүлж, татвар, дэмжлэгийг зохицуулах нь чухал. Мөн иргэдээ орон сууцжуулах ажилд газрын менежмент өндөр ач холбогдолтой гэдгийг онцлов.

зураг

Газрын менежментийг иргэнд ээлтэй, стандартын шаардлага хангасан байдлаар зохион байгуулж, аж ахуй нэгжүүдэд эдийн засгийн үр ашигтайгаар төлөвлөх нь орон сууцжуулах хөтөлбөрийн гол хэсэг гэдгийг хэллээ. Энэ хүрээнд цаашид Ирландын Орон сууцны агентлагтай хамтын ажиллагааг хэрэгжүүлэх боломжтойг дурджээ.

Ирландад ХАА-н мэргэжилтнүүдийг сургах боломжтой

Түүнчлэн уулзалтаар яригдсан гол асуудал нь хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа юм. Ирланд улс нь Европ төдийгүй дэлхийн зах зээлд махны экспортоор эхний тавд ордог. Тус улс махны экспортоо жил ирэх тусам нэмж буй бөгөөд махны салбарын нийт экспорт 2021 онд 3.9 тэрбум, 2022 онд 4.1 тэрбум, 2023 онд 4.2 тэрбум евро болж, тогтмол өссөөр байна. Манай улс 2023 оны 12 дугаар сард Ирланд улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Тэгвэл энэхүү уулзалтаар Ирландын Хөдөө аж ахуй, хүнс, тэнгисийн дэд сайд Мартин Хейдон уг санамж бичигт тусгасан үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, харилцан туршлага судлах, мэргэжилтнүүдийг сургах боломжтойгоо илэрхийлсэн байна.

Энэ хүрээнд “University College Dublin” их сургуулийн Хөдөө аж ахуй, хүнсний тэнхимийн төлөөллүүдтэй уулзаж, Ирланд улсын хөдөө аж ахуйн стратеги, туршлагаас суралцаж, Монгол Улсын хөдөө аж ахуйн бодлогыг тодорхойлох хүрээнд холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн багийг Ирландад илгээх боломжийн талаар ярилцлаа.

зураг

Мөн Ирландын шилдэг их сургууль “Тринити коллеж”-ийн харьяа Инновацын төвийн төлөөллүүд уулзалтад оролцохдоо их сургуулиуд бизнесийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажилладаг, судалгааны ажлаа хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулдаг тухай сайн туршлагаа хуваалцжээ.

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярын Ирланд улс дахь томилолт үргэлжилж буй бөгөөд Ирландын парламентын гишүүдийн төлөөлөлтэй уулзаж байна.