Ү.Оюунзул: “Хан талст” компанид хамаарах уг газар хувийн хаус байх боломжгүй. Бид холбогдох газруудад байнга санал гомдлоо гаргадаг
IKON.MN
Хотын дарга Х.Нямбаатар хэдхэн хоногийн өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Туул гол хоёрын зааг дээр хэнийх болох нь мэдэгдэхгүй маш том эдлэн газар байна. 2014 оны үед олгогдсон ч нэг ч төлбөр төлөөгүй байна хэмээн мэдээлээд байгаа юм.
Уг газрыг нээлттэй мэдээллийн сангаас харвал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт хамаарч байна. Иймд энэ талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /ҮЦХ/-ийн дарга Ү.Оюунзулаас тодруулахад тэрбээр “Манай газар дээр хаус байх боломжгүй. “Хан талст” компанитай холбоотой газар. Бид холбогдох газруудад байнга тус газартай холбоотой санал гомдлоо гаргадаг. Анхнаасаа авсан зөвшөөрлийнхөө дагуу биш хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан” гэв.
Газар Зохион Байгуулалт, Геодези, Зураг Зүйн Ерөнхий Газар
ҮЦХ-д буй “Хан талст” компанийн газартай холбоотой мэдээллийг тодруулбал:
2014 он: “Хан Талст” компанид “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл 2014 онд гаргаж 3.3 га газрыг олгожээ.
2019 он: Тус газарт “Наран шарлагын газар” аялал жуулчлалын бүс байгуулж байна гэх мэдээ гарав.
2020 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлж байснаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд удаа дараа явуулсан хяналт шалгалтын дүнд “Хан Талст” компанид газар ашиглуулах тухай тогтоол нь хууль зөрчиж байна гэдгийг илрүүлсэн байна.
Хяналт шалгалтын явцад Нийслэлийн зүгээс 84 хуудастай албан шаардлагыг хүргүүлж байсан. Мөн тус компани ажил хийх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Нийслэлээс хоёр удаа мэдэгдэл өгч үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлж байжээ.
Гэвч уг шаардлагуудыг тус компани үл ойшоож байсан бөгөөд улмаар барилгын шороог авсан хэсэгт үүссэн хөрсний усанд дөрвөн хүүхэд тоглож байгаад харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарч байжээ.
Харин одоогоор олны анхаарал дунд байгаа хувийн эдлэн газар хэмээгээд буй барилга нь хэзээ баригдсан, ямар зориулалттай гэдэг нь тодорхойгүй байгаа юм. ҮЦХ-ээс уг газрыг “хувийн хаус биш” хэмээгээд буй.
Тус байшин байршиж буй хэсэг болон дээр дурдсан наран шарлагын газар болохоор төлөвлөгдөж байсан газар хоёр өөр талд байгаа ч албаныхан уг газрыг нийтэд нь “Хан Талст” компанийн газар гэж мэдээлээд байгаа юм.
0 cэтгэгдэлтэй