ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Сэлэнгэ, Булган аймгийн малчдын бүлэг, хоршоодод ажиллалаа

timelive.mn 2024-03-18

Монгол Улсын Засгийн газраас “Малжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Зуданд орлогын эх үүсвэрээ алдаж буй малчдыг ядууралд орохоос сэргийлэхийн тулд “Малжуулах хөтөлбөр”-өөр хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, хоршоодын үйл ажиллагааг дэмжин ажиллах шаардлагатай байгаагМонгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж байна.

Тэрбээр Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг болон Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, Үндэсний давхар даатгалын төлөөллүүдийн хамтаар малчдын бүлэг, хоршооныхонтой уулзлаа.

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын “Таван шар баялаг” хоршоонд ажиллалаа. 11 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эхэлж, одоо 413 гишүүнтэй болжээ. Малын арьс, шир, ноос, ноолуурыг худалдан борлуулахад зуучлах, малчдын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр тус хоршоо ажиллаж байна. Малчдаас авсан түүхий эдийг зах зээлийн үнээр борлуулахад нь зуучилдаг учраас хоршоод амжилттай явж байгааг малчид ярьж байна. Булган аймгийн Хангал сумын малчин Х.Эрдэнэбулган малын тоо бус чанарт анхаарч, эдийн засгийн эргэлтэд оруулах хугацааг зөв тодорхойлох нь үр дүнтэй байдаг талаар хэллээ.

сонин mn

Булган аймгийн Сэлэнгэ сум малчны 17 бүлэгтэй. Түүний нэг Харцайн голын малчны бүлэгт 31 өрх харьяалагдаж байна. Тус бүлэг Сэлэнгэ үүлдрийн үхэр өсгөх, хадлан, тэжээлээ бэлтгэх, хонь хяргах, ямаа самнах зэрэг ажлыг богино хугацаанд хамтдаа хийж, хоршин ажилладаг онцлогтой. Харцай бүлгийнхэн малын түүхий эдийг хямд үнээр ченжүүдэд худалдах бус мал нядалгаа, боловсруулах зэрэг цехтэй болж үйл ажиллагаагаа өргөтгөх сонирхолтой байна.

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын “Бумбат таван богд” хоршоо 2012 онд есөн гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн, одоо 310 гишүүнтэй болжээ. Тус хоршоо сүү, цагаан идээг малчдаас авч, зуучлан борлуулдаг байна. Боловсруулалтын цех, жижиг үйлдвэртэй болбол малчдын амьжиргаа сайжирна гэж ярьж байна.

Малаа эдийн засгийн эргэлтэд оруулдаг, бүс нутгийн онцлогтоо тулгуурлан малаа төрөлжүүлдэг, хоршоолж ажилладаг байдлаар хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь зөв. Тиймээс Засгийн газраас хоршоолж буй малчдад бага хүүтэй, урт хугацааны зээл олгодог хэлбэрийг судалж байгааг тэрбээр хэллээ.

сонин mn