
Өмнөговь аймагт байрлан үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад 2025 оны гуравдугаар сарын 17-ноос хойш хоол хүнстэй холбоотой халдварын гурван удаагийн дэгдэлт бүртгэгдсэн талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Сүүлийн дэгдэлт дөрөвдүгээр сарын 8-нд бүртгэгдсэн байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах гурван компанийн 800-аад уурхайн ажилтан хоолны хордлогод өртсөн бөгөөд дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар ХӨСҮТ-ийн халдвартын клиникт 119 тохиолдол, гэрээр 40, аймаг орон нутагт 16 тохиолдол тусгаарлагдан эмнэлгийн тусламж авч байна. Тус уул уурхайн компаниудад дөрөвдүгээр сарын 8-наас ХӨСҮТ-ийн эмнэл зүй, тандалтын мэргэжлийн баг аймгийн ЭМГ салбарын хяналтын мэргэжилтнүүдтэй ажиллаж байгаа гэнэ.
Мөн өнөөдөр Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах уурхайгаас хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй 77 тохиолдол ХӨСҮТ-ийн гэдэсний халдварын тасагт эмнэлгийн тусламж авахаар зөөвлөрлөгдөн ирж байна.
Одоогоор урьдчилсан байдлаар хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй тохиолдлын дэгдэлт тул үргэлжлэн тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийж байгаа талаар мэдээлжээ.
0 cэтгэгдэлтэй