“ТҮЦ дотор хөнгөнөөр бие засаж ундааны саванд хадгалсан зөрчил илэрч байсан”

timelive.mn 2025-04-16

Нийслэлийн хэмжээнд автобусны буудал дээрх ТҮЦ-үүдийг нүүлгэж, явган хүний зам талбайг чөлөөлж байгаа билээ. Хяналт шалгалтын үеэр дотроо ариун цэврийн өрөөгүй учир хөнгөнөөр бие засаад ундааны саванд хийгээд тавьсан байсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ.

Түүнчлэн нэг автобусны буудал дээр 10 гаруй ТҮЦ байрлуулж, явган хүний зорчих боломжийг хязгаарласан тохиолдол ч гардаг байна. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяагаас тодрууллаа.

Тэрээр “ТҮЦ-ний асуудлыг судалж үзэхэд нэг хүн 5-6 ТҮЦ эзэмшдэг тохиолдол цөөнгүй байна. Бараг бүх автобусны буудалд ТҮЦ-үүдээ байрлуулчихсан. Тэнд ажиллаж буй худалдагчдаас асуухад ихэнх нь ТҮЦ-ийг сарын 1-2 сая төгрөгөөр түрээслэн ажиллуулдаг гэж хэлж байв.

Гэвч эдгээр ТҮЦ-үүд нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд иргэдэд үйлчилж байна. Зарим нь ТҮЦ дотроо унтаж, хоол хийж иддэг. Түүнчлэн, өнгөрсөн жил хийсэн шалгалтын үеэр ундааны саванд хөнгөнөөр бие засаж, хадгалсан зөрчил ч илэрч байсан.

Нийслэлээс ТҮЦ эрхлэгчдэд боломжийн санал тавьж байгаа.

Хамгийн чухал нь, ТҮЦ-үүдийг буулгах нь иргэдийн тав тухтай, аюулгүй орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Нийслэлээс ТҮЦ эрхлэгчдэд боломжийн, зохистой хувилбаруудыг санал болгож байгаа. Жишээлбэл, “Нарантуул” болон хүнсний захуудын лангууны түрээсийг жилийн хугацаанд төлөх, эсвэл тэднийг байнгын ажлын байраар хангах гэх мэт шийдлүүдийг санал болгож байна.

-Түрээсийн төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр шийдэх гэж байгаа юм уу?

-Үгүй. Уг асуудлыг татвар төлөгчдийн мөнгөөр шийдэхгүй.. Бид зах худалдааны төвүүдийн удирдлагуудтай уулзаж, нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг үзүүлэхийг хүссэн.