
Ухрах үйлдэл хийх үедээ бага насны хүүхдийг мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 08-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Бага насны хүүхэд ухарч байгаа машины хаалганд цохиулаад толгойн баруун хэсэгтээ гэмтсэн” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Уг мэдээллийг шалгахад урьдчилсан байдлаар иргэн Д нь ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч бага насны хүүхэд Б-г мөргөж гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд тус хэргийн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мөн дөрөвдүгээр сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт “Мотоциклын араар зорчиж явсан хүн унаж бэртсэн байна” гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагт бүртгэгдсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад гуравдугаар сарын 28-ны өдөр иргэн М нь Мустанг маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож яваад зогсоох үйлдэл хийх үед ардаа зорчиж явсан бага насны хүүхдийг унагааж, гэмтээсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.
2025 оны эхний гурван сарын байдлаар Цагдаагийн байгууллагад хүүхэд өртсөн зам тээврийн нийт осол 183 бүртгэгдсэн. Үүний улмаас 11 хүүхэд амь насаа алдаж, 198 хүүхэд гэмтсэн харамсалтай тоон мэдээлэл гарчээ.
Иймд жолооч та хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, ухрах үйлдэл хийх үедээ замын хөдөлгөөний дүрэмд заасныг мөрдөх мөн 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тээвэрлэхгүй байж бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.
0 cэтгэгдэлтэй