Монгол, Вьетнам иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа

timelive.mn 2023-11-2

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалынхаа хүрээнд тэрбээр өнөөдөр БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгтай албан ёсны хэлэлцээ хийв.

Албан ёсны хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Вьетнамын харилцаа, түүний дотор улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцсоныг Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.

зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСВУ-д хийж буй энэхүү төрийн айлчлал нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг ирж буй он жилүүдэд хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц болж буйг талууд онцлон тэмдэглэжээ.

Мөн БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг 2024 онд тохиох Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урьсанд талархал илэрхийлж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг олон салбарт амжилтын түүхийг бүтээж буйд сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн байна.

Талууд Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, соёл, урлагийн зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохирч, ойн хүрээнд хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгджээ. Түүнчлэн хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Монгол, Вьетнамын хооронд агаарын харилцааг өргөжүүлэх, шууд нислэг үйлдэх замаар зорчигч, ачаа тээврийг хослуулан хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжиж иргэдийн солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.

Энэ удаагийн айлчлалын үеэр байгуулж буй “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь хоёр улсын иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг талууд тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нарыг байлцуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.