Халтиргааны улмаас том оврын зургаан машин замын хөдөлгөөн хаасан, зуны дугуйтай байснаас жалга руу орох дөхсөн зэрэг дуудлага иржээ

timelive.mn 2023-11-2

Өчигдөр Багануур дүүрэг, Хэнтий аймгийн чиглэлд халтиргаа гулгаа үүсэж, автомашин зорчих боломжгүй, цасанд суусан дуудлагаар Онцгой байдлын ерөнхий газрын /ОБЕГ/-ын алба хаагчид үүрэг гүйцэтгэжээ.

Багануур дүүргийн гуравдугаар хороо Хэрлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны баруун талд авто замын өгсүүр хэсэгт халтиргаа үүссэний улмаас том оврын зургаан автомашин замын хөдөлгөөн хаасан гэсэн дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход түлшний цистерн автомашин нэг талын урсгал зам хаасан байдалтай байсныг татаж гарган, тус чиглэлд зорчиж байсан нийт 46 автомашины хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилласан байна.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт Бонго маркын автомашин цасанд гулгаж жалга руу орох дөхсөн, зуны дугуйтай, хөдөлгөөн үйлдэх боломжгүй болсон дуудлагыг 2023 оны Арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 01:59 цагт ирүүлсэн. Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 9 сартай- 25 насны дөрвөн иргэн автомашинтайгаа цасанд суусан байсныг татаж гарган аюулгүй газарт хүргэжээ.

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг цаг уурын байгууллагаас мэдээлж байна.

Иймд зам даваанд мөстөлт үүсэж, халтиргаа гулгаа нэмэгдэх тул иргэд хол, ойрын замд гарахдаа мэргэжлийн байгууллагаас гаргасан цаг агаарын мэдээ, анхааруулга, сэрэмжлүүлгийг хүлээн авах, халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа хаагдах, цасанд суух, төөрч, осгохоос сэрэмжлүүллээ.

 

Эх сурвалж: НОБГ