Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2023.11.02) Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайд Жансамон Жаняалад тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт төлөөлөгчдийг Монголд Улсад тавтай зочлохыг хүсээд Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны шинэ жарны босгон дээр ноён Жансамон Жаняаладыг БНАЛАУ-ын Батлан хамгаалахын сайдын түвшинд Монгол Улсад албан ёсны айлчлал хэрэгжүүлж буйд баяртай байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэв. Энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг ирж буй он жилүүдэд хөгжүүлэх хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлж, улам бүр бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Тэрбээр үргэлжлүүлэн, манай хоёр улс өөр өөрийн түүхэн онцлог, байгалийн өвөрмөц тогтоцтой, газарзүйн байршлын хувьд алс хол оршдог хэдий ч бие биеэ дэмжсэн, харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчимд тулгуурласан ах дүүгийн харилцаатай орнууд. Миний бие үзэсгэлэнт байгальтай Лаос Улсад 2009 онд ажлын шугамаар зочилж байсныг эргэн дурсахад таатай байна. Монголчууд бид Лаос Улсыг “Сая зааны сайхан орон” гэдгээр мэддэг ба БНАЛАУ нь Зүүн өмнөд Ази дахь Монгол Улсын чухал түнш юм. Парламент хоорондын хамтын ажиллагааны механизмыг бэхжүүлэх зорилтын хүрээнд БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд болон Үндэсний Ассамблейн Батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга, Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга өнгөрсөн жил Монгол Улсад айлчилж байсан бол энэ оны 9 дүгээр сард Лаос Улсын Үндэсний Ассамблейн дарга манай улсад албан ёсны айлчлал хийсэн нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааны өнгөрсөн жарныг дүгнэж, шинэ жаранд хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох, улам бүр бэхжүүлэхэд чухал түлхэц болсон. Энэхүү завшааныг тохиолдуулан Лаос Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвиханд халуун дотно мэндчилгээ уламжлахыг хүсье гэлээ. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурал өнгөрсөн 5 дугаар сард Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгосонтой холбогдуулан БНАЛАУ-аас 50 ширхэг улаан модон сандал, ширээ тусгайлан үйлдвэрлэн бэлэглэх болсныг талархалтайгаар тэмдэглэв.
БНАЛАУ-ын Батлан хамгаалахын сайд Жансамон Жаняалад Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Төв Азийн цээжинд орших далай мэт уужим Монгол Улсад айлчлах болсондоо туйлын баяртай байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага, тэр дундаа батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагаа, хэлхээ холбоо чухал болохыг онцлов. Энэ удаагийн айлчлалын гол зорилго нь БНАЛАУ, Монгол Улс хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ шатанд гаргах юм. Өнөөдөр Монгол Улсын Батлан хамгаалахын сайдтай уулзалт хийж, манай хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх, үр өгөөжөө өгөх олон асуудлаар санал солилцсонд таатай байна. Тухайлбал, харилцан айлчлалын давтамжийн тоог нэмэгдүүлэх, цэргийн сонсогчийн солилцоо, мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон, удахгүй үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ.
Монгол Улс, БНАЛАУ 1962 онд дипломат харилцаа тогтоосон цагаас эхлэн төрийн өндөр, дээд хэмжээний айлчлалыг харилцан зохион байгуулж, найрсаг харилцаатай, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр ирсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
0 cэтгэгдэлтэй