ШИНЭ ЗУУНЫ “БАР” УЛСЫГ БАМБАР БАЙХАД НЬ ТЭВЭРЧИХЛЭЭ

timelive.mn 2023-11-3

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНСВУ-д хийж буй Төрийн айлчлал амжилттай үргэлжилж байна. Амжилттай гэхийн агуулга нь яриа хэлэлцээрийг ахиулж, ирэх онд буюу хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор шийдэх байх гэсэн таамаглалтай очсон хэдий ч төлөвлөсөн асуудлуудаа бүгдийг нь шийдүүлчихлээ.

Шинэ зуунд БНСВУ гэдэг шинэ “бар”-тай болох нь бараг тодорхой болжээ. Гол “нууц” нь БНХАУ, АНУ зэрэг “томчууд”-тай худалдаа, хамтын ажиллагааны өрөг дээр маш ухаалгаар тоглож үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт татаж чадаад байгааг харав. Эднийх өнөөдөр өрнөж буй дайн, зэвсэгт мөргөлдөөний нөхцөл байдлыг өөрийн оронд ашиглахын тулд урьд хождын дайны шархтай түүхийг хүчээр “мартаж” улс орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө хөгжлийн асуудалдаа прагматик хандаж “дайснуудтайгаа нөхөрлөж” чадаж байна. Хэцүү ч гэсэн энэ сорилтыг тэд даван туулахаар шийджээ. Тиймдээ ч өнгөрсөн сард АНУ-тай стратегийн түншлэлийн гэрээ байгуулж харилцааны түвшнээ шинэ шатанд гаргалаа.

Машид хүчирхэгжих магадлалтай шинэ “бар”-ын авир араншин ямар байх бол?

Дур мэдэн зарим зүйлээс таамаглахад Вьетнам улс ОХУ-тай аюулгүй байдал, батлан хамгаалахын салбараараа холбогдож АНУ, Хятадад түрэмгийлүүлж байсандаа өс өвөрлөхийн оронд харин ч бүр эдийн засаг, бизнесээ бодлогоор дэмжүүлээд үндэстэн дамнасан корпорациудыг хөгжүүлж хүчирхэгжүүлэх замаар худалдааны дайны гол тоглогч болж авахаар шийдсэн бололтой. Зөвхөн АНУ-тай гадаад худалдааны салбарт 100 тэрбум ам.долларт эргэлдүүлж, батлан хамгаалах, зэвсэгт хүчний чадавхиараа дэлхийд 145 орноос 18-рт жагсаж, Зүүн Өмнөд Азидаа энэ үзүүлэлтээр “аман хүзүүдэж” байна.

Ийм үед нь БНСВУ-тай уламжлалт харилцаагаа сэргээж, энэ түвшингээ ахиулж Иж бүрэн хамтын ажиллагааны түвшинд хүргэхээр санал нэгдэнэ гэдэг бол маш даруухнаар хэлэхэд зөв алхам.

Та бүхэн анзаарсан бол Вьетнамын тал Монгол Улсыг АСЕАН-ын орнуудтай харилцаагаа хөгжүүлэхэд нь дэмжиж туслах, АПЕК гишүүнчлэлээ өргөтгөх үеэр Монгол Улс тус байгууллагад элсэхэд дэмжих тухай энэ үеэр тохирсон. Стратеги судалгааны чиглэлээр манай ҮАБЗ-ийн Ажлын алба, тэдний Үндэсний аюулгүй байдлын Яамтай хамтран ажиллах, тус улсын Үндэсний батлан хамгаалахын сайдын манай улсад хэдхэн хоногийн өмнө айлчлах үеэрээ тохирсон хамтын ажиллагааны тодорхой төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах, мэдээлэл солилцох тухай нэлээд анхаарал татсан тохиролцоонуудыг хийлээ. Ингэхдээ нэгэн зүйлийг онцлоход, дайн болон зэвсэгт мөргөлдөөний түгшүүртэй энэ цаг мөчид, ялангуяа ОХУ-БНХАУ-БНАСАУ нэг блок,  Япон-БНСУ-АНУ нөгөө талд блок үүсгээд байгаа нь мэдрэгдэх болсон өнөөгийн нөхцөлд манай баримталж буй олон тулгуурт гадаад бодлогын байр суурь нь улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, эдийн засгийн хөгжилд үнэлж баршгүй ач холбогдолтой байгааг бид харж байна.

Гадаад бодлогын өрөг дээр ингэж уран тоглолт хийх, аль оронд хэзээ очих, хэнтэй юу ярихыг нь чиглүүлж байдаг тэр “баг” бас их чухал байгаа биз? Яг энэ мөчид “урьд нь манай ҮАБ-ын Ажлын албаныхан, Стратеги судлалын хүрээлэн, Аюулгүй байдал судалгааны хүрээлэн, Гадаад харилцааны Яам юу хийдэг байсан юм бол оо” гэсэн бодол төрсөн ч короновирусийн нөлөөгөөр сүүлийн хоёр жилд нь цахим хурлуудаас хэтрэх боломжгүй байсан даа гэж зөвтгөж тайлбарлаж болж байгаа юм. Гэхдээ л Монголын төрийн гадаад бодлогын тактикийн арга хэмжээнүүд, ялангуяа Ерөнхийлөгчийн түвшний олон Засгийн газрын түвшний гадаад бодлогын уялдаа холбоо, арга тактикийн хувьд үр дүн өмнөхөөс өөр болсон гэдэгтэй олон хүн санал нийлэх байх аа. Яагаад 770 жилийн дараа Францын Ерөнхийлөгч манай улсад Төрийн айлчлал хийв? Ромын Пап 777 жилийн дараа Монголд зочлов гээд бодохоор Монгол Улсад нэг татах хүч байгаа биз? Хоёр том гүрний агаарын орон зайд нэвтэрч эрх чөлөөт Монгол Улсад айлчилж чадаад байгаагийн цаана ямар нууц байна вэ? Ямартай ч Монгол Улсын Ерөнхийлөгч “гуйсан айлчлал хийхгүй, улс орны хөгжилд тус өгөөж багатай уулзалт ч хийхгүй” гэж хэлсэн тухай яриа байдаг нь үнэн болоод явчихлаа.

Визийн шаардлагаас чөлөөлсний өмнөх болон дараах үр дагавар юу байв?  

Өнөөдөр бидний баярлаад байгаа визийн шаардлагаас чөлөөлөх асуудлыг ч мөн үүнтэй холбоотойгоор завсарласан юм билээ. Гол нь цаг үеэ олсон. Найман жилийн өмнө Вьетнамын тал манайд визгүй зорчилцох асуудлыг тавьж байсан ч тухайн үед хэн хэн ч зүдрүү байж, хөдөлмөр эрхлэлтийн болон харьяатын асуудал хүндхэн, Монголд ажиллаж байсан хэд маань ч “хэт давилуун”, визтэй байхад ийм байгаа юм чинь визгүй болчихвол яах болж байна гэсэн болгоомжлол төрүүлдэг үе байж. Дараа нь одоогоос дөрвөн жилийн өмнө манайх дээрх саналыг тавиад, айлын тал “бодож үзье” гээд байж байтал ковид гараад гацчихаад байсан гэнэ. Ингээд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн үе эхэлж, тэрбээр нэр дэвшин өрсөлдөхдөө мөрийн хөтөлбөртөө “20 оронд Монголын иргэд визгүй зорчдог болно” гэсэн санааг оруулсан санагдана. Ковидын дараа буюу 2022 оны 3 дугаар сард хил нээгдсэний дараа юм даг, манай таван авиакомпани нэгдээд хоёр улсын хооронд нислэг үйлдэхэд “Аэромонголиа”-гаа дэмжиж ажиллая гэсэн гэрээ байгуулсан юм гэнэлээ. Гэтэл ирэх 12 дугаар сарын 15-наас тогтмол нислэг үйлддэг болохоор нээлтээ хийлээ. 2022 онд зөвхөн “Аэромонголиа”-аар 12 мянган жуулчин Вьетнамаас Монголд зорчиж ирсэн байдаг. Бусад нислэгээр ирсэнтэйгээ оны дүнгээр 15 мянган жуулчин ирсэн, мөн Вьетнамын 1500 хүн Монголд ажиллах гэж ирсэн байна. Дашрамд хэлэхэд бидний төсөөлснөөр зөвхөн цас үзэх гэж л ирдэг гэвэл бас өрөөсгөл болох байх. Хэдийгээр вьетнамчууд “Хойд туйлыг үзэх, Монголын өвлийг үзэх нь агаар нэг буюу +25 хэмээс -25 хэм рүү, өөрөөр хэлбэл 50 хэмийн хэлбэлзлийг хүний биед маш богино хугацаанд экстрим аялал болдог” гэлцдэг ч гэсэн өнөөдөр тэд баян жуулчдын тоонд орж их мөнгө үрж, өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн, чанартай үйлчилгээ авч жаргаж амьдрах тухай л ярьдаг болсон нь цар тахлын дараах үзэл бодлын өөрчлөлт гэх үү дээ.

Манайхны хувьд гэвэл тус улсад визтэй зорчдогийг ч бараг мэддэггүй юм билээ. “Визтэй юм уу” гэж асуугаад байдаг юм. Ийм байхад цахимаар визийн шаардлага хангана гэдэг амаргүй. Тэр үед Улаанбаатар дахь тус улсын ЭСЯ-наас виз олгохгүй. Тэгэхээр наад зах нь анкетаа бөглөхөд хүртэл тэр бүр хэл устай хүн олдохгүй, олдсон нь хайнга хандаад ч гэх үү, иргэн бүр олон улсын карттай ч биш бусдын картаар бүртгэлийн хураамжийг нь төлөөд виз ч үгүй, мөнгө ч үгүй болсон тохиолдол цөөнгүй. Тэгээд зуучлалын компанид хандаж давхар хохирох зэргээр хүнд суртал, санхүүгийн хохирол амсаад байх магадлал өндөр. Тиймээс ирэх оны эхний өдрөөс эхлээд визгүй болсон нь амжилт юм. Яагаад гэвэл, хэрвээ таван жилийн дараа визийн шаардлагаас чөлөөлөх асуудлыг манай тал тэднийд тавьсан бол аягүй бол тоохгүй ч байж мэдэх юм. Учир нь тэд эдийн засгийн хөгжлөөрөө тэр үед Хятадын дараа орж “бар улс” болох зорилттой. Гэтэл наана нь Вьетнам, Монгол хооронд визгүй зорчдог болж, тус улсын Ерөнхийлөгч нь одоогоор 85 сая ам.доллараар хэмжигдэж буй худалдааны эргэлтээ 200 сая ам.долларт хүргэнэ гэж мэдэгдлээ. Монгол Улсаас БНСВУ-д экспортлох хонь, ямааны махны “Мал эмнэлгийн ариун цэврийн гэрчилгээ” болон БНСВУ-аас Монгол Улсад экспортлох шувуу, мах махан бүтээгдэхүү“Мал эмнэлгийн ариун цэврийн гэрчилгээ”-г харилцан тохирчихлоо. Манай хүнсний хангамжийн хувьд гадаадаас зайлшгүй авах шаардлагатай стратегийн ач холбогдолтой хүнсний бүтээгдэхүүн гэж хэлж болох цагаан будааны хэрэгцээний маань 45 хувийг маш чанартайгаар, тогтвортойгоор нийлүүлэхээр болж байна. Ингээд хүнсний хангамжийн асуудлыг айдас хүйдэсгүйгээр хамтдаа даван туулах нь. Бас нэг сонирхолтой нь тээвэр ложистикийн асуудал. Вьетнамын тал Монгол Улстай төмөр замаар эртний холбоотой байсан түүхээс сэргээж, тухайлбал Монгол-Хятад-Вьетнамын төмөр замын талаар гурван талт уулзалт хийж Хятадын талтай энэ асуудлаар санал тавьж ярилцана гэж Ерөнхий сайд нь хэллээ.

Гуйж айлчлахгүй, айчлахдаа гуйлга гуйдаггүй байх бодлогоор…

Товчхондоо гуйж айлчилдаггүй, айлчлахаараа гуйлга гуйдаггүй, харилцан ашигтай хамтран ажиллаж чаддаг. Тоогдох гэж зовдоггүй, зорьж ирсэнтэй нь тооцоо судалгаатайгаар хамтарч ажилладаг түвшиндээ яваагийн өөдрөг сайн талыг бид харж байна. Тиймээс ч БНСВУ-д хийсэн төрийн айлчлалын төгсгөлийн мөчид “Бар улс болохоос нь өмнө бамбар улс байхад нь тэврэлдээд авлаа. Хожмын өдөр манай улс “бамбар улс” болох нь дамжиггүй” гэсэн романтик төсөөлөлд автсандаа үүнийг тэрлэлээ. Сайн бодлыг үг болгон дамжуулж үйлдэлдээ шингээж чадсанаар сайн сайхан үр дүнд хүрдэг. Гадаад харилцаа ямар ч байлаа гэсэн дотооддоо бидний зовлон хэвээрээ л байдаг нь нийгмийн амьдрал. Тиймээс гаслаад суухын оронд гадагшаа харж хаана хүртэл хөгжсөнөө мэдэрч, хөгжихөө төлөвлөж явсан цэцэн нь дээр биз дээ. Ерөнхийлөгч БНСВУ-д төрийн айлчлалаа өндөрлөөд Вьетнам оронтой салшгүй холбоотой Лаосыг зорино. БНАЛАУ-ын хувьд Монгол оронтой мартагдашгүй холбоотой нэгэн жарны түүх бий. Өнгөрсөн 9 дүгээр сард Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан манай улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Энэ удаад хоёр орны бизнес эрхлэгчдийн форум болно, боломж гарвал Хятад гүрний ихээхэн хүчин чармайлтаар барьж байгуулсан Хятад-Лаосын төмөр замыг үзмээр байна. Ингээд нийтлэлээ түр завсарлая, эрхэм уншигчдадаа баярлалаа.

Нийтлэлч: У.Оргилмаа